УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийж, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хэлэлцэж буй. Тэтгэвэр нэмэхтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэрийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ жилийн хувьд омикрон болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан инфляци 13.5 хувьтай гарсан тул тэтгэвэр, тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 000 төгрөг байгаа тул үүнийг 15 хувиар нэмбэл 368 000 төгрөг болно. Гэвч Засгийн газраас иргэдийн орлого багасаж, амьдрал нь хүндрэлтэй байгааг харгалзан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулан бүх тэтгэврийг 15 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн" гэв.
Тухайлбал,
-Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөгөөс 400 мянган төгрөг болж 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ тэтгэврийг авдаг 72 333 иргэний тэтгэвэр нэмэгдэнэ.
-Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болж 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ тэтгэврийг авдаг 199 919 иргэний тэтгэвэр нэмэгдэнэ.
-Хэрвээ та 400 мянган төгрөгний тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдээд 460 мянган төгрөг буюу 500 мянган төгрөгт хүрэхгүй тул автоматаар тэнцүүлж 500 мянган төгрөг болно гэсэн үг.
-Хэрвээ та 480 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол таны тэтгэвэр 20 мянган төгрөгөөр биш 72 мянган төгрөгөөр нэмэгдэж 552 мянган төгрөг болно гэсэн үг.
-499 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 15 хувиар нэмэгдэж 574 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь.
Нийгмийн даатгалын сангаас 460 гаруй мянган иргэн тэтгэвэр авдаг аж.
Сайн дурын үндсэн дээр бага хугацаанд өндөр хэмжээгээр шимтгэл төлж, тэтгэврээ өндөр тогтоолгож байгаа хэсэг бий. Цаашдаа энэ байдлыг шударга, зөв тогтолцоонд оруулж, анхаарах шаардлагатайг салбарын сайд онцолж байна.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.