Үндэсний шигшээ багийн болон “Дэрэн” клубийн тоглогч О.Мөнх-Оргил Германы алдарт хөлбөмбөгчин асан Герт Энгелсийн үүсгэн байгуулсан “Soccerlife” академид туршилтын бэлтгэлд хамрагдахаар болжээ.
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука нар түүнтэй уулзаж, бэлтгэл сургуулилтад нь амжилт хүслээ.
Г.Ганбаяр Европ тивд мэргэжлийн хөл бөмбөгчин болж гэрээ байгуулсан анхны Монгол Улсын иргэн болсон бол түүний араас О.Мөнх-Оргил буурал тивийг зорьж, ийнхүү авьяас чадвараа сорих боллоо.
Өнгөрсөн жил дээд лигийн мөнгөн медаль хүртсэн “Дэрэн” клуб нь Герман, Испани гэх мэт хөл бөмбөг өндөр хөгжсөн Европын улсуудаар өсвөр залуу тоглогчдыг тэмцээн уралдаанд оролцуулдаг юм байна.