БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги билгийн тооллын XVII дугаар жарны “Буян үйлдэгч” хэмээгч усан бар жилийн сар шинийн баярыг угтаж, “Есөн цагааны бэлгэдэл” тэмцээнийг бие бүрэлдэхүүний дунд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгууллаа. Энэхүү уламжлалт тэмцээн нь үндэсний соёл, зан заншил, сар шинийн баярын ёсон, уламжлалт тоглоом, наадгайг бие бүрэлдэхүүн, тэдний үр хүүхэд, залуучуудад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Тэмцээнд 16 баг тамирчид оролцсон бөгөөд тэд удирдамжийн дагуу багийн мэндчилгээ, Монгол зан үйлтэй холбоотой асуулт хариулт, шагай үүрэх, сээр цохих, шагай харвах, алаг мэлхий, 5 метр мяндсаар хазаар зангидах, гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр өрсөлдөн тоглож, уламжлалт зан үйлээр “амьсгалсан” өдөр болов. Ийнхүү тэмцээний тэргүүн байрт Инженер, цацраг, хими биологиос хамгаалахын албаны "Дөрвөн бэрх" баг, дэд байрт Ажиллагааны удирдлагын тасгийн “Аравт” баг, гутгаар байрт Холбооны албаны “Шинэ сар” багийн тамирчид эзэллээ.
Тамирчдад ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү тэмцээний төгсгөлд “Цэргийн алба хаагч гэдэг нийгэмд ч, гэр бүлдээ ч удирдан чиглүүлэгч, манлайлагч нь байх ёстой хүмүүс. Ялангуяа, эх орныхоо уламжлалт зан үйл, соёл уламжлалыг мэддэг, түгээн дэлгэрүүлдэг байх ёстой. Монгол хүн бүр түүх уламжлал, ёс заншлынхаа тээгч учраас манай уламжлалт тэмцээний зорилго нь өөрөө энэ юм” гээд бие бүрэлдэхүүнд УОК, төр засгийн шийдвэрийг дагаж, гэр гэртээ шинэлэхийг хүсье" гэв.