Үхрийн махан салат
Орц:
-Үхрийн өөхгүй мах (хонь байж болно)
-Дарсан огурцы
-Дарсан амтат улаан чинжүү
-Лаазалсан мөөг
-Улаан сонгино (цагаан байж болно)
-Чили (кетчуп, лечо байж болно)
Хийх арга:
Махаа давстай усанд зөөлөртөл нь чанаж болгоод (битүү чанагчинд бол бүр амар) хөргөнө. Бүх орцоо нарийн савхан болон нимгэн хавтгайгаар хэрчээд чилигээр амтлана. Өөрсдийн амталгаандаа тохируулаад мөөгтэй лечо, чинжүүтэй лечо, кетчуптэй хутгаж болно. Мөн амтат чинжүүг заавал дарсан гэхгүй түүхийгээр нь аваад жигнэж эсвэл багахан тосонд хуурч болгоод хийж болох байгаа.
Сонгины хувьд улаан сонгино түүхийгээр нь идсэний дараа амнаас үнэртэх нь хамаагүй бага байдаг. Заавал үхрийн махаар биш хонины өөхгүй махаар энэхүү салатыг хийж болно. Гэхдээ дарсан амтат чинжүү болон чилитэй нь илүү гоё болдог шүү.
Хүсвэл давс, нунтаг хар перец, нунтаг сармис нэмээрэй.
Үхрийн гүзээний салат
Орц:
-Үхрийн гүзээ
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Сой соус (soy sauce)
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Нунтаг хар перец
Хийх арга:
Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчинд 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.
Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод перец, сой соус (маш бага орно), гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна. Хүсвэл хар перецний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.
Туна, бууцайны салат:
Орц:
-Бууцай 500 гр
-Лаазалсан туна загас 185 гр
-Нунтаг хар перец, давс
Хийх арга:
500 гр бууцайгаа угааж хэрчээд 185 гр лаазалсан тунатай холиод нунтаг хар перец, багахан давс нэмхэд л салахын аргагүй сайхан салат бэлэн боллоо. (Хүнсний уутан бээлий өмсөөд зөөлөн базах маягаар хутгачихдаг)
Туна өөрөө тостой тул тос нэмж хийх шаардлага байхгүй. Хэрвээ тосгүй туна авбал дээр нь бага зэрэг оливын, ургамлын, шар буурцагын гээд өөрсдийн хэрэглэдэг тосноосоо нэмж хийгээрэй. Огт давс перец хийхгүй байсан ч гоё. Өөрсдийн амталгаандаа тохируулаарай. Туна их байхад дуртай бол бууцайгаа 300-400 гр болгож хасаарай. Талхтай идэхэд янзтай амттай шүү.
Хүрэн манжингийн салат:
Хүрэн манжингийн салат гэхээр төмстэй төсөөлөгддөг шүү дээ. Энэ удаад илүү гоё амттай болдог төмсгүйг зааж өгье.
Орц:
-Хүрэн манжин
-Өндөг
-Сармис
-Майонез (тослог багатай)
-Давс
Хийх арга:
Хүрэн манжинг хальстай нь чанаж болгоод, хөргөөд, хальслаад, үрүүлээр үрнэ. Өндгийг чанаж болгоод, хөргөөд, хальслаад, нарийн савх эсвэл маш жижиг шоо дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Сармисаа зориулалтын бяцлагчаар бяцлана эсвэл үрүүлийнхээ хамгийн жижгээр үрнэ. Бүгдийг холиод давс, майонезаар амталж хутгаад л бэлэн.
Байцаа алимтай салат:
Орц:
-Байцаа 300 гр
-Өргөст хэмх 2 ширхэг
-Алим 2 ширхэг
-Эрдэнэ шиш 100 гр
-Оливын тос 2 цайны халбага
-Давс 1/4 цайны халбага
Хийх арга:
Байцааны хальсыг угааж нэг бүрчлэн салгасны дараа урт нарийн хэрчинэ. Энэхүү салатыг хийхэд байцааг жигнэж чанах шаардлагагүй бөгөөд түүхийгээр нь салатанд хэрэглэнэ. Өргөст хэмхийг угааж хальслаад мөн л жижиглэн хэрчинэ. Ногоон өнгийн алимыг сонгож хальслаад ясыг салгаж цэвэрлэсний дараа урт нарийн хэрчинэ. Хүсвэл чанасан эрдэнэ шиш хийж болно. Энэ нь өөх тослог байхгүй ч эрдэс бодис, тэжээлээр баялаг байдаг. Саванд дээрх хэрчсэн ногоонуудыг хийж 1 цайны халбага оливын тос, 1/4 цайны халбага давсаар амталж хутгаад л идэхэд бэлэн боллоо.