Удамшил, төрөлт, архаг хууч өвчин зэргээс гадна амьдралын буруу хэвшлээс үүдэлтэйгээр сүүлийн жилүүдэд эрс ихсэж буй эмгэг бол анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх юм. ADHD гэсэн олон улсын нэршил бүхий эл өвчинд бага, өсвөр насны хүүхэд олноор өртөж байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн санааг чилээх болоод багагүй хугацаа өнгөрчээ. Манай улсын хүүхэд багачуудын 5-10 хувь нь ийм эмгэгтэй ч монголчуудын энэ өвчний талаарх ойлголт, мэдлэг туйлын хангалтгүй гэнэ. Үүнтэй холбогдуулан СЭМҮТ-ийнхөн анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийг танин мэдүүлэх ном хэвлүүлжээ. Тус төвийнхөн “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” уриатай аян өрнүүлж, үүний хүрээнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн тухай комик ном цувралаар хэвлүүлж байна. Хоёр дахь удаагийнх нь дээрх өвчний тухай “Аргальхүү” хэмээх бүтээл аж.
Эл номд анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгийн онцлог, шинж тэмдэг зэргийг бичсэнээс гадна ийм оноштой хүүхэдтэй хэрхэн харилцах аргуудыг тусгажээ. Эдгээрийг тодорхой зохиол, дүрээр дамжуулан илэрхийлснээрээ онцлог. Уг эмгэгийг таних гол шинж тэмдэг нь хүүхэд төвлөрч чадахгүй, эмх цэгцгүй байх, ямар нэг зүйлээр оролдох, тайван орчинд тогтворгүй, түгшүү, сандруу болох, гар, хөлөө байнга хөдөлгөх, хичээлээс зайлсхийх, бусадтай харилцахаас төвөгшөөх зэрэг аж.