Хүний биеийн аль нэг эс хяналтгүй өсөж, хуваагдахыг анагаах ухаанд хавдар хэмээн нэрлэдэг. Уг өвчин нь хүний бүх эд, эрхтэнд цусаар дамжин үсэрхийлж, гаж эсүүд үүсгэдгээрээ маш аюултай бөгөөд хортой, хоргүй гэж ангилж буй. Манай улсад тархсан хавдрын 63-70 орчим хувийг хортой нь эзэлж, оношлогдсон тохиолдлуудын 75-80 хувь нь өвчнийхөө хожуу үед эмнэлэгт ханддагаас нас баралт өндөр байгааг эмч нар хэлдэг. Гэвч энэ аймшигтай нөхцөл, байдал сүүлийн 25-30 жилд огт өөрчлөгдөөгүй нь харамсалтай. Жилд дунджаар хавдрын 5000-6000 гаруй тохиолдол оношлогдож, нас баралт 4000, 5000-аараа бүртгэгдсээр л байна. Сүүлийн зургаан жилд буюу 2016-2021 онд гэхэд л зонхилон тохиолддог хорт хавдрын улмаас 26 000 хүн нас барсныг Үндэсний статистикийн хорооноос тодотголоо. Өөрөөр хэлбэл, тухайн жилд оношлогдсон хавдартай хүмүүсийн тоо нас баралтын үзүүлэлттэйгээ бараг эн тэнцэж буй нь хамгийн эмзэглэм юм. Гэвч эл тоо, баримт нь зөвхөн мөсөн уулын орой төдий бөгөөд цаашид ч хавдрын тархалт улам өсөх хандлагатайг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн хэллээ.
АГААРЫН БОХИРДЛЫН ГАЖ НӨЛӨӨ УДАХГҮЙ ИЛЭРНЭ
Одоогоос хоёр, гурван жилийн дараа гэхэд Монголд хавдрын тохиолдлууд жил бүр 7500-гаас олон оношлогдож, нас баралт ч улам нэмэгдэх урьдчилсан таамаг гарчээ. Энэ нь агаар, орчны бохирдлын хор уршиг, хүнсний аюулгүй байдал алдагдсаны гаж нөлөө, мөн хүн амын амьдралын буруу дадал, хэвшил, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэг муутай холбоотой гэнэ. Тэр дундаа уушгины хавдар сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тун удахгүй хүн амын тэргүүлэх өвчний нэг болох нь гэж ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү хэллээ. Тэрбээр “Агаарын бохирдлын нөлөөгөөр Монголд амьсгалын замын шалтгаант өвчлөл ялангуяа уушгины хавдар, хатуурал газар авч байна. Эрдэмтдийн таамагласнаар агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн 2010 оноос хойш 15 жилийн дараагаас уушгины хавдар ихэснэ хэмээж байсан. Энэ эрсдэл хэдийн хаяанд тулчихжээ. 2020 оны байдлаар уушгины хорт хавдар 100 000 хүн тутамд 19.6 оношлогдсон. Тэгвэл мөн тоонд харьцуулсан үзүүлэлтээр 17.4 нь нас барсан байна. Уг өвчний шалтгаант нас баралт маш өндөр байгааг үүнээс харж болно. Эл үзүүлэлтээр бид дэлхийд өдгөө 64 дүгээрт бичигдэж буй. Хэсэг хугацааны дараа уг тоон үзүүлэлт маш олон байраар урагшлах таамаг бий. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь хүүхэд, залууст урт хугацаандаа уушгины хорт хавдар, хатуурал үүсгэж, монголчуудыг туйлдуулах нь. Монголд эдүгээ зонхилон тохиолдож буй нийт хорт хавдрын гуравдугаарт уушги, гуурсан хоолойнх эзэлж байна” гэсэн юм.
БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХАВДАР АНХААРЛЫН ТӨВД “ОЧЖЭЭ”
Монголд хамгийн олон тохиолддог 10 төрлийн хавдрын нэгдүгээрт элэг, хоёрдугаарт ходоод, зургадугаарт бүдүүн гэдэснийх бичигдэж буйг ХСҮТ-ийн Хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа хэлэв. Бүдүүн гэдэсний хавдрыг ерөнхийд нь бүдүүн, шулуун гэдэснийх гэж нэрлэж заншжээ. Манайд бүх төрлийн хавдар ижил түвшинд нэмэгдэж буйгаас ходоодных, тэр дундаа бүдүүн, шулуун гэдэснийхийг онцлохгүй өнгөрүүлж болохгүй аж.
Манай улс эдүгээ ходоодны хорт хавдрын тархалтаараа дэлхийд хоёрдугаарт, уг өвчний шалтгаант нас баралтаар 25-д бичигдэж буйг Дэлхийн хорт хавдрын ажиглалтын төвийн https://gco.iarc.fr/ цахим хуудаснаас харах боломжтой. Тус төвийнхөн дэлхийн улс орнуудын хорт хавдрын тархалт, нас баралтын үзүүлэлтийг нэгтгэдэг билээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдрын тархалт, нас баралтаар олон улсад “тэргүүлж” байгааг хэлэх нь илүүц биз ээ. Түүнчлэн ходоод, улаан хоолойн хавдрын тархалтаар ч мөн тус бүр хоёрдугаарт бичигдэж байна. Үүнээс бүдүүн гэдэснийхийг онцолсны учир нь бусад хавдрыг бодвол харьцангуй сэргийлэх боломжтой, ялгах шинж тэмдэг ихтэй аж. Гэвч иргэд үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй явсаар өвчнөө тартагт нь тулгадгийг эмч нар анхааруулав.
Бүдүүн гэдэсний хавдар хүйсийн хувьд эрчүүд, эмэгтэйчүүдэд тэнцүү шахам тохиолдож буй аж. Уг өвчний үед суулгах, өтгөн хатах, дутуу “хүндэрсэн” мэт мэдрэмж төрөх, өтгөн нарийн хэлбэртэй болох, гэдэс дүүрэх, эсвэл нь базлах, турах, ядарч сульдах, шалтгаан нь тодорхойгүйгээр цус багадах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. Харин иргэдийн олонх нь үүнийг хоол боловсруулах замын энгийн л нэг хямрал мэтээр ойлгодог аж. Бүдүүн гэдэсний хавдар өдгөө эмч нарын анхаарлын төвд очсон нь монголчуудын мах, лаазалсан, утсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон архи, согтууруулах ундааны хавтгайрсан хэрэглээ, тамхидалт, таргалалт, бүдүүн гэдэсний төрөл бүрийн үрэвсэлт өвчин нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаж, бага өртгөөр эрт үед нь илрүүлэх боломжтой төдийгүй эдгээр эрсдэлт хүчин зүйлийг багасгаснаар уг өвчнөөс хол байх бүрэн боломжтой юм байна.
УСТГАХ БОЛОМЖТОЙ ӨВЧИН
Дэлхийд 100 000 хүн тутмын 13-т нь умайн хүзүүний хорт хавдар тохиолдож буй. Харин манайд эл үзүүлэлт 23.5-тай байна. Одоогоор дэлхийн хэмжээнд устгах боломжтой ганц, хоёрхон хавдрын нэг нь умайн хүзүүнийх аж. Тодруулбал, манай улсад бүртгэгдэж буй хавдрын нийт тохиолдлын 49-50 хувийг эмэгтэйчүүдийнх эзэлдэг. Үүнээс хамгийн элбэг тохиолддог нь элэг, удаах нь умайн хүзүүний хавдар. ХСҮТ-ийнхний хэлснээр умайн хүзүү, хөх, өндгөвч нь хорт хавдарт өртөмхий гэнэ. Тиймээс жилд дунджаар умайн хүзүүний хавдрын 400-500 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 130-150 хүн нас барсаар буй аж. Уг нь манай улс хөх, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2012 оноос хойш зохион байгуулж буй. 30-60 насны эмэгтэйчүүд гурван жилийн давтамжтай умайн хүзүү, хөхний өмөнгийн эсийн шинжилгээг харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ хийлгэх ёстой. Гэвч өнгөрсөн 10 жилд хамрагдвал зохих насныхны дөнгөж 43.6 хувь нь л эл шинжилгээг өгчээ. Түүнчлэн ХСҮТ-д умайн хүзүүний хавдар үүсгэгч HPV буюу хүний хөхөнцөр вирусийн 14 хэв шинжийг оношилдог болсон ч энэ мэт үзлэг, шинжилгээнд төдийлөн хамрагдахгүй байгааг хэлсэн.
Тэгвэл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог умайн хүзүүний хавдраас дээр хэлсэнчлэн 100 хувь сэргийлж, бүрэн устгах боломжтойг олон улсын туршлагууд харуулсаар буй. Умайн хүзүүн дэх эсүүд хэвийн бусаар өсөж, ургаснаар хорт хавдар үүсгэх бөгөөд энэ нь ихэвчлэн хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэгийг шинжлэх ухаан баталсан. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 99.7 хувиас нь HPV илэрдэг аж. Уг вирус нь бэлгийн замаар, эрчүүдээс халддаг бөгөөд HPV-ийн шалтгаантай өөрчлөгдөж буй эсүүдийг зөвхөн эрт илрүүлэх үзлэгээр л “барьж авдаг” байна. Тиймээс АНУ болон БНСУ-д уг өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг 21 наснаас эхлэн хийдэг. Мөн Австрали улс 1990-ээд онд умайн хүзүүний хавдрын тоогоороо дэлхийд дээгүүрт ордог байсан. Харин HPV-ийн вакцин өргөн нэвтрүүлснээр уг өвчнийг устгасан анхны орон болох зорилт тавьжээ. Тус улс өсвөр насны охид, хөвгүүдээ уг вакцинд хамруулсны дүнд сүүлийн таван жилд гэхэд 18-24 насныхны умайн хүзүүний хавдрыг 77, 20-24 насныхны өвчлөлийг 34 хувь бууруулжээ. Манай хоёр хөрш, Энэтхэг, БНСУ гэхчлэн дэлхийн олон оронд өдгөө хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг өргөн нэвтрүүлж буй юм.
Монгол Улс ч эдгээр туршлагыг нэвтрүүлэхээр зэхэж, олон улсын “Гави” холбооны шугамаар хөхөнцөр вирусийн 900 тун вакцин эхний ээлжид оруулж иржээ. Өдгөө өсвөр насны охидыг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулж эхлэхэд бэлэн гэнэ. Цар тахлын улмаас энэ талаарх мэдээллийг олон нийтэд түгээж амжаагүй тул хүмүүс төдийлөн мэдэхгүй байгаа аж. Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын А/82 тоот тушаалаар, Дархлаажуулалтын үндэсний хорооны шийдвэрээр ХӨСҮТ-д хийх юм байна.
Саяхныг хүртэл дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хорт хавдар байсан бол одоо гуравт бичигдэх болж. Улс орнууд хавдартай тэмцэж, эрт илрүүлж, эмчилсээр. Харин бид эл айхавтар тахалтай “эвлэрч”, 25-30 жилийн өмнөх шигээ өвчнийхөө хожуу шатанд оношлогдож, олноороо эндэж байна. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог өдгөө л бэхжүүлэхгүй бол Монгол Улс цаашид хавдрыг тогтоон барьж дийлэхгүй” гэснийг төр, засгийнхан анхааралдаа аваасай.