МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа, дэд дарга Ө.Анхболд нар өнөөдөр /2022.01.27/ Хүрээ амаржих газрын эмч, ажилтнуудтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудалтай танилцлаа.
Тус амаржих газар нь Төрөх, нярай, эмэгтэйчүүдийн мэргэшлийн эмнэлэг гэсэн статустай болж байгаа хэдий ч эмч, ажиллагчид нь 45 хоног цалин аваагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нь 6 сараар төлөөгүй, эмч нар нь тус бүртээ компьютер хэрэгсэлгүй улмаас ажил нь хүндэрч байгаа талаар эмч нар ярилаа.
Тус амаржих газрын ҮЭ-ийн хорооны дарга С.Ариунгэрэл "Гүйцэтгэлийн санхүүжилт нь манай эмнэлгийн үйл ажиллагаанд нийцэхгүй байна. Цалин доголдож, бүтнээр нь авч чадахгүй хэд хэдэн удаагийн тохиолдол гарлаа. Энэ оны эхнээс ковидын нөхцөл байдлаас болж хоногийн төрөлт 25-30 байснаа 11 болж буурсан. Төрөлт буурахаар нөгөө гүйцэтгэл нь дагаад буурчихаж байна. Дээр нь бидний цалингаас суутгагдсан шимтгэл Нийгмийн даатгалын санд бүртгэгдээгүйн улмаас ажилтнууд эрүүл мэндийн болон бусад үйлчилгээг авч чадахгүйд хүрлээ. Эмч, ажиллагчдын дархлаа суларч тал хувь нь ковидоор өвчилсөн. Эрчимт эмчилгээний хоёр эмч 48 цагийн тулаа хийсэн ч үе бий. Манай эмнэлэг анх 75 ортой байсан. Сүүлд 100 болсон. Одоо 150 болгоход барилга байшиндаа өргөтгөл хийх шаардлагатай болсон. Хэвтэн эмчлүүлэгчдийн түүхийг оруулдаг программ нь үнэтэй учраас манай байгууллага худалдан авч чаддаггүй. Гүйцэтгэлээ явуулахын тулд 3-4 эмч дундаа ганц компьютертой байна. Эдгээр асуудлаар удаа дараа байгууллагын даргад хандсан ч хариу арга хэмжээ авахгүй байна. Төр засгийн алдаатай бодлого, үйл ажиллагаа бидэнд ийнхүү хүндээр тусч байна" гэв.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Нэг ёсны арын “фронтод” ажиллаж байгаа та бүхний эхний асуудал цалин хөлс. Дараагийнх нь эрсдэлтэй ажлын байр, салбарын санхүүжилт юм. Сайхан зүйл ярьж байгаад баталсан гүйцэтгэлийн санхүүжилт цаг үеэ олоогүй. Дарга нарт ашигтай хууль болсон байх. Хэт шуурхай, тооцоогүй, бэлтгэлгүй хийснээс нугалаа гарч байна. Энэ дунд вип үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ хувийн эмнэлэгүүд хожиж байгаа юм. Цалингүй 45 хоног ажиллаж байна гэдэг арай л дэндэнэ. Дээрээс нь Нийгмийн даатгал төлөгдөөгүй асуудалд бид Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд хандах болно" гэж хэлэв.