Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаантай нь мөн тэргүүлж байгаа аж. Бас улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Ийм муу үзүүлэлттэйн дээр хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн хэлсэн юм. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв.
Жил бүр хоёр сумын хэмжээний хүн амаа хорт хавдрын улмаас алдчихаад тоодоггүй улс орон манайхаас өөр бараг байхгүйг ХСҮТ-ийн бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан хэллээ. Тэрбээр “Монгол Улсад одоогоос 20, 30 жилийн өмнө хавдраар өвчлөгсдийн 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогддог байсан. Өдгөө ч энэ үзүүлэлт огт өөрчлөгдөөгүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн 75 хувь нь өвчнийхөө III, IV буюу эцсийн шатандаа эмнэлэгт хандсан хэвээр. Тиймээс л нас баралт өндөр байгаа юм. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр Монголд хавдрыг эрт илрүүлэх тогтолцоо одоо болтол бүрдээгүй гэсэн үг. Уг нь ХСҮТ хавдрыг эрт илрүүлэх ажлыг хийх ёсгүй л дээ. Өрх, дүүргийн буюу эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдэд ийм тогтолцоог нь бүрдүүлж байж хавдар буурна. Тэрнээс биш хүн бүрийг хавдрын үзлэгт хамруулаад үүнийг шийдчихгүй гэдгийг олон улсын туршлага бидэнд харуулсаар буй” гэсэн юм.