Иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэцийн эрүүл мэндийг нь оношилдог “Мөрөөдлийн кактус” төв үүдээ нээжээ. Тус төв нээлтийн урамшуулал болгож сэтгэц заслын эмчилгээ, оношилгоогоо 20-50 хувь хямдруулжээ. Тодруулбал, 5-18 насныхны сэтгэцийг оношилж, ганцаарчилсан зөвлөгөө өгч, сургалтад хамруулахад 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх бол насанд хүрэгчдэд 20 хувийн хямдралтай үнээр үйлчлэх аж. “Мөрөөдлийн кактус” төв мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэц засалчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд тэдгээр нь энэ чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан, байгууллагуудад сургалт зохион байгуулж ирсэн туршлагатай юм байна. Мэргэжилтнүүд цар тахлын үед нэгдсэн нь коронавирусээс улбаатай сэтгэл зүйн эмгэг гаарсантай холбоотой гэнэ. Түүнчлэн Монголд энэ чиглэлийн байгууллага ховор байдгаас иргэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүссэн үедээ авч чадалгүй явсаар нөхцөл байдлыг дордуулдаг явдал түгээмэл байгаа нь сэтгэл зүйн төв байгуулахад нөлөөлжээ. Ташрамд дурдахад, “Мөрөөдлийн кактус”-ынхан гэрээсээ гарах, биеэр очиж үйлчлүүлэх боломжгүй хүмүүст зориулсан цахим багц гаргасан ба өнгөрсөн долоо хоногоос онлайнаар зөвлөгөө, мэдээлэл өгч, сэтгэцийн эрүүл мэндийг нь оношилж эхэлжээ.
Бэлтгэсэн Ж.Сувд