“MGL darts” клубийн тамирчин, спортын дэд мастер Э.Энхжин хүүхэд байхдаа дартсаар хичээллэж, тамирчин болох замналаа эхлүүлжээ. Гэр бүлээрээ энэ спортод хөл тавьсан нь хожим түүнийг амжилт гаргахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тэрбээр аавынхаа дэмжлэгтэйгээр гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй оролцжээ. Тухайлбал, БНХАУ-ын Шанхай хотод 2014 онд зохион байгуулсан Дэлхийн цомын тэмцээнд өсвөрийн багийнхантайгаа өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Дараа жил нь нийслэлийн “Хангарди” цомын аварга шалгаруулах тэмцээний аварга болсон юм. Тэр жилээ Манжуурт ОХУ, Монгол, БНХАУ-ын “Найрамдал” дартсын АШТ-д эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд V байрт шалгарав. Монголд 2016 онд УАШТ-ээс алт, 2017 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль зүүсэн түүнтэй ярилцлаа.
-Монголын дартсын холбоо зохион байгуулдаг чансаа олгох тэмцээн энэ сарын 22-нд болно. Та оролцохоор бэлтгэлээ хэр базаасан бэ?
-Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд тэмцээн зохион байгуулсангүй. Тамирчид тэмцээнд оролцоогүй удсан болохоор нэгнээ санаж, их үгүйлсэн нь анзаарагдсан. Амралтын өдрүүдэд болох тэмцээнд өмнөхөөсөө олон хүн оролцохоор бүртгүүлсэн байна билээ. Хүсэл сонирхлоороо нэгдсэн хүмүүс ажиллахын хажуугаар зав гаргаж бэлтгэл хийдэг. Тэмцээний тов ойртох тусам тэд догдолж байгаа болов уу. Нийгмийн стресс ихтэй амьдрал, таагүй мэдээллээс түр холдож, дартс тоглох нь нэг бодлын амралт болдог. Энэ спортод насны хязгаар байдаггүй. Тухайн тамирчинд амжилт гаргах ур чадвар байгаа бол үргэлжлүүлэх боломжтой. Спорт гэхээр хүмүүс хөлсөө гартал гүйж, бэлтгэл хийхээр төсөөлдөг. Дартс тоглоход мэдрэмж чухал. Хурууныхаа үзүүрээр сум шидэхдээ анхаарлаа төвлөрүүлж, орон зайг мэдрэн, зөв тооцоолно. Үүгээрээ оюуны спорттой адил. Дартс спортын зарим төрөл шиг тусгай хэрэгсэл, орчин шаардахгүй. Самбар, сум байхад хаана ч хичээллэж болох давуу талтай.
-Европын орнууд дартсыг үндэснийхээ спортын хэмжээнд хөгжүүлсэн байдаг. Хөгжөөн дэмжигчид нь хүртэл тоглох техник, дүрмийг нь мэддэг байх жишээтэй.
-Монголын тамирчид нийгмийн байдлаас хамаарч ажил, амьдралаа зохицуулан багахан завыг бэлтгэл хийхэд гаргадаг. Гадаадад энэ спортод амьдралаа зориулдаг олон тамирчин бий. Тэд давхар ажил хийдэггүй. Иргэд нь тамирчдаа дэмжихээс гадна дартс тоглох ойлголттой. Тэгвэл монголчууд сонирхох төдийд тоглодог тул техник, дүрмийг нь төдийлөн мэддэггүй. Манайд сайн тамирчин цөөнгүй. Тэд зөвхөн бэлтгэл хийх гэхээр ар гэрийнх нь амьдрал орхигдох гээд байдаг. Манай гэр бүл дартсыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулж ирсэн. Аав минь тамирчдаа бэлтгэж, тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлсэн удаа олон.
-Аав тань энэ спортоор олон жил хичээллэсэн байх аа?
-Тийм ээ, аавыг минь М.Эрдэнэ гэдэг, ОУХМ цолтой. Тамирчин, олон улсын шүүгч. Ээжийг С.Мөнгөнчимэг гэдэг. Сэтгэл судлаач, багш мэргэжилтэй. Аавыг тэмцээн зохион байгуулахад менежерээр нь ажилладаг. Аав намайг дасгалжуулж, гадаад, дотоодын тэмцээнд оролцуулсан. Тэд минь тэмцээний үед түшиг, тулгуур болж, зэмлэхээсээ илүү зөвлөдөг. Эх орондоо энэ спортыг хөгжүүлэхэд аавын үүрэг, оролцоо багагүй нөлөөлсөн. Монголд олон байгууллагын дунд дартсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаар сонирхож хичээллэх хүмүүсийн хүрээ тэлсэн. Дартс тоглох ойлголттой болсон нь тамирчин болохоор спортын талбарт хөл тавьдаг. Манай холбоо байгуулагдсан цагаасаа хүүхэд, залуусыг хичээллүүлэхийг уриалж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Хичээллэдэг хүмүүстэй хамтран ажиллаж, тэмцээнд оролцуулдаг болсноор олонд дартсын давуу талыг ойлгуулж байгаа. Намайг хүүхэд байхад аав унины хамгийн өндөр хэсэгт самбар тогтоож, сум шиддэг байв. Тэр үед сонирхож хардаг байсан бол хожим тоглоом бус, спортын нэг төрөл болохыг нь мэдсэн юм. Түүнээс хойш аав, ээжийгээ тэмцээнд оролцохыг харахаар дагаж явдаг болсон. Аавын тоглохыг харсаар байгаад ээж дуурайж хичээллэсэн. Үзэгчдийн өмнө тамирчдын шударга өрсөлдөж байгаа нь надад таалагдаж, хичээллэх хүсэл анх төрж билээ. Амжилт гаргасан ах, эгч нарыг хараад тэдэн шиг тоглож сурах сан их бодно. Хүүхдүүд дартсаар 10-11 насандаа хичээллэхэд бие, сэтгэл зүйн хувьд хамгийн тохиромжтой. Намайг 12 насандаа хичээллэх үед өсвөр насныхан бараг тоглодоггүй байлаа. Тиймээс тэмцээнд насанд хүрэгчидтэй хамт өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн анхан шатны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн минь хойшид амжилт гаргах эхлэл байсан.
-Монголын дартсын өсвөрийн шигшээ багийнхан 2014 онд Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай ирж байсныг санадаг. Та ч бас оролцсон шүү дээ.
-Тэр жил БНХАУ-ын Шанхайд болсон Дэлхийн цомын тэмцээнд багийнхантайгаа анх удаа өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Бид тэмцээн эхлэхээс хоёр сарын өмнө клубтээ байрлаж бэлтгэл базаасан. Өмнө нь шигшээ баг бүрдээгүй байхад өсвөрийн тамирчид томчуудын тоглох техник, тактикаас суралцаж, зөвлөгөө авч, ана мана өрсөлддөг байсны давуу тал гарсан. Хятадын тамирчид насандаа тохирсон бэлтгэл хийсэн нь тэмцээний үед анзаарагдсан юм. Бидний хувьд өсвөрийн гэхээс илүү насанд хүрэгчдийн хэмжээнд тоглож сурсан байлаа. Азиас өмнөд хөршийнхөн спортын төрлүүдээ жигд хөгжүүлэхийн тулд тамирчдынхаа бэлтгэлд хөрөнгө зарцуулдаг нь мэдрэгдсэн. Тэмцээн зохион байгуулсан танхимыг сэтгэлд хүртэл тохижуулж, үзэгчдийн орчин, нөхцөлийг сайтар бүрдүүлсэн байв. Хөгжөөн дэмжигчдийг нь манайхан хараад эхэндээ гайхсан. Тэндхийн хүмүүс дартсын төлөө амьдраад байгаа мэт санагдаж билээ. Монголын тамирчид шилдэг багуудтай өрсөлдсөөр аваргын төлөө Хятадын багийхантай тоглохоор шалгарав. Тэнд хот болгоных нь шигшээ багийнхан оролцсон ч манайхан хожно гэсэн зорилготой өрсөлдсөн. Өөрийн улсад тэмцээн зохион байгуулж буй давуу талаа ашиглаж, баг тус бүрээс сайн тоглосон тамирчдыг сонгон, баг болгож бүрдүүлээд бидэнтэй өрсөлдүүлсэн нь шударга бус санагдаж байлаа. Бид ур чадвар, техникээр тэднээс илүү байсан.
-Монголд 2015 онд болсон “Хангарди“ цомын аварга шалгаруулах тэмцээнд таныг хэрхэн түрүүлснийг дартс сонирхогчдоос сонсож байлаа.
-Тэр тэмцээнд багийнхантайгаа оролцож аварга болсон. “Хангарди” цомын алтан медаль амархан ирээгүй. Би аравдугаар ангийн сурагч, тамирчдаасаа хамгийн залуу нь байв. Аав ОХУ-д болох тэмцээнд тамирчдаа оролцуулахаар явсан юм. Томоохон тэмцээн тул орон нутгаас тамирчид өрсөлдсөн. Надад тэр үед түрүүлнэ гэсэн итгэл төрөөд байлаа. Миний хувьд тэмцээнд эрч хүч гаргаж тоглодог. Хожих үедээ “Тийм ээ, yes”, хожигдохоороо “Зүгээр ээ” гээд л хашхирна. Олон багтай тоглодог болохоор заримдаа ядарснаа мартчихна. Аваргын төлөө манайхан шилдэг тамирчинтай багийнхантай таарахдаа маш их тэвчээр гаргасан. Тэмцээн үзэж суусан нэг ах “Энхжин чи аавыгаа бодоод шид. Аав чинь байсан бол чамд юу гэж хэлэх байсан бэ. Тэр үгийг нь сана” гэж хэлсэн. Байны 16-гийн зах тамирчдыг хожилд хөтөлдөг чухал цэг. Хэрвээ аав дэргэд байсан бол ингэж хэлнэ, тиймээс итгэлийг нь алдахгүй гэж бодоод хоёр сумаа шидэхэд гадна туссан. Хэрвээ дахиад алдвал өрсөлдөгч багийнхан хожих магадлал өндөр тул их хичээсэн. Хожлыг шийдэх сүүлчийн сумаа юу ч бодохгүйгээр шидсэн. Тэгтэл хүмүүс хашхираад л явчихсан. Ямар нэгэн тэмцээний тухай яриа өрнүүлэх үед тамирчид үүнийг дурсаж инээлддэг юм. Тамирчин хүн тэмцээнд өөртөө итгэлгүй байвал амжилт гаргахгүй. Тиймээс тайван, шийдэмгий, зоримог, дайчин байх хэрэгтэй.
-Танай гэрт олон цом, медаль залаастай байдаг биз?
-Манайх шиг гэр бүлээрээ дартсаар хичээллэдэг айл ховор. Гэрийн нэг өрөөнд бидний цом, медаль өрөөстэй байдаг. Аав тэмцээн зохион байгуулахын хажуугаар өөрөө ч оролцдог. Өмнө нь аавынх л байдаг байсан бол дараа нь ээж, миний, дүүгийн шагналаар арвижих болсон. Миний дүү Э.Мөнхжин сурагч байхдаа 2019 онд БНХАУ-ын Бээжинд болсон “Capital darts tournament” олон улсын тэмцээнд оролцож, өсвөр үеийнхний ангилалд түрүүлсэн юм.
-Дартсын тэмцээнд европынхон Азичуудаас илүү сэтгэл хөдлөл гаргадаг уу?
-Тухайн орны хөгжлөөс хамаараад тамирчдынх нь спортод гаргах амжилт харилцан адилгүй шиг сэтгэл зүй нь хүртэл өөр байдаг. Хүмүүс дартс тоглохдоо Европынхон Азийнхнаас илүү сэтгэл хөдлөлөө тэмцээнд гаргадаг болов уу гэж боддог. Тэгвэл үгүй. Энэ спорт тайван, мэдрэмжтэй, тэсвэр хатуужилтай, зөв тооцоолохыг шаарддаг. Зарим тамирчин амжилт гаргачихаад өөрийгөө байнга түрүүлэх мэтээр төсөөлж алддаг тал бий. Амжилтыг удаан хадгалах амаргүй. Өөрийгөө байнга хөгжүүлэхгүй бол амархан буурдаг.
-Аавынхаа зөвлөснөөр өрсөлдөгчдөө хожсон удаа олон уу?
-Хүүхэд байхад аав хэлсэн зүйлээ дахин сануулах нь заримдаа хэцүү санагдаж “Таны хэлснийг хэдийн ойлгосон. Би чадна” гэдэг байлаа. Сонсоод өнгөрөөчих зүйлийг төвөгшөөнгүй хүлээж авдаг байснаа одоо бодохоор инээд хүрдэг юм. Намайг амжилт гаргахыг аав мэдэрчихсэн байдаг. Хажууд ирээд “Миний охин сайн байна, чи түрүүлнэ ээ” гэж урам хайрлаад хаашаа ч юм явчихна. Хайхаар харагдахгүй. Тийм үед “Аав намайг чадна гэж хэлсэн, хичээхгүй бол болохгүй” гэж бодно. Тэмцээнд тааруухан оролцвол дэргэдээс алхам ч холдохгүй. Би “MGL darts” клубийн тамирчин. Аав байгуулж, нэрийг нь өгч байлаа. Гэр бүлийн гишүүд спортоор хичээллэх хоббитой байна гэдэг сайхан. Идэвхтэй, тэмүүлэлтэй амьдрахад спорт их нөлөөлдөг. Энэ утгаар яривал манайхан дартсыг хобби, ажил, амьдралаа болгосон.
-Та Хүмүүнлэгийн ухааны дээд сургуульд сурдаг гэл үү. Ажил, амьдралынхаа гарааг хаанаас эхлэх гэж байна вэ?
-Тус сургуульд бизнес удирдлага, хүний нөөцийн менежмент мэргэжлээр суралцдаг. Сургуулиа хавар төгсөнө. Өнгөрсөн жил ээж болж, жилийн чөлөө авсан. Сурч байх хугацаанд бэлтгэл хийх зав бараг гараагүй. Хичээл, бэлтгэлийн аль алийг нь дутуу хийх гээд байсан тул боловсролдоо анхаарах нь зүйтэй гэж шийдсэн. Би одоо “Оюутолгой” компанид дадлага хийж байгаа. Саяхан тус байгууллагийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан. Үүний хажуугаар “Нито tех” компанид ажилладаг. Нөхрийг минь Г.Чимэддолгор гэдэг. Надтай танилцсан үеэсээ энэ спортоор хичээллэсэн. Дартс бол анх сурч байгаа хүний сонирхлыг их татдаг. Хожигдох тусам хор, шарыг нь хөдөлгөж, хожих хүсэлд автуулдаг.
-Амжилт гаргасан тамирчдыг тоглох техник, тактикийг хэр судалдаг вэ?
-Тамирчдыг судалдаггүй ч түүнээс илүү амжилт гаргана гэж хичээдэг. Тэдний хичээллэх арга барил, амжилт гаргах байдал өөр тул өөрийнхөө ур чадварт анхаарах хэрэгтэй. ДАШТ-ийг үзэж байхад шилдэг тамирчдын тоглох техник сонирхолтой. Эрэгтэйчүүдээс Шотландын алдарт тамирчин, дэлхийн хошой аварга Петр Врайт хамгийн шилдэг нь. Тэрбээр мэргэжлийн дартсын корпорацаас Английн Лондон хотод зохион байгуулсан 29 дэх удаагийн ДАШТ-д түрүүлж, чансаагаараа II байрт жагсаж байна. Эмэгтэйчүүдээс Хонконгийн тамирчин Моо Чоугийн тоглох техник нь тун өвөрмөц. Тэрбээр бусдаас шидэлтийн техникээрээ гойд ялгардаг.
Дартсаар хичээллэдэг хүүхэд, залуус амжилтад тэмүүлэх урам хайрлаач.
-Өөрийгөө голж болохгүй, бас өрсөлдөгчөө басах хэрэггүй. Хийж бүтээх хүнд бүх зүйл боломжтой санагддаг бол хожно гэж зорьсон тамирчинд амжилт ойрхон байдаг. Хамгийн гол нь өөрийнхөө зорьж буй зүйлд чин сэтгэлээсээ хандаарай. Бодол биеллээ олдог гэдэг үг бий. Хичээж байгаа цагт бодсон бүхэн тань биелэх өдөр ирнэ. Энэ спортын талаар ойлголттой болж, техник, дүрмийг нь мэдэхээр хичээллэх сонирхол өөрийн эрхгүй төрдөг. Монголд дартсын олон клуб бий. Цаг заваа найзуудтайгаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсвэл алийг нь ч сонгож хичээллэхэд хаалга нь үргэлж нээлттэй шүү” гэж хэлье.