1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд Соёл урлагийн их сургуулийг кино драмын ангийн дөрвөн хөвгүүн “Guys 666” хамтлаг байгуулснаар 25 жилийн түүх эхэлжээ. Үерхэлдээ үнэнч, он цагийг хамтдаа туулах анд шиг анд, найз шиг найз, хамтлаг шиг хамтаараа лаг байхыг мөрөөдөж байсан тэдний хүсэл биеллээ олжээ. Олон арван хит дууны эзэн тус хамтлагийнхан 25 жилийн ойгоо угтан шинэ төсөл эхлүүлжээ. Тодруулбал, тус хамтлагийнхан өөрсдийн 20 дуугаа шинэчилж, залуу хамтлаг, дуучдаар дуулуулан, сонсогчдод дахин хүргэх юм. Одоогоор дуучин А.Хишигдалай, С.Зоригт хамтран “Цас”, “Gangbay” хамтлаг “Манан”, реппер Don Dior болон дуучин Т.Өрлөг нар “Чамдаа зориулъя” дууг дуулж, олны хүртээл болгоод буй. Цаашид “Чи миний”, “Бороо”, “Зүрх уучил”, “Дурлал яг үлгэр шиг, бас үрэл шиг”, “Навч”, “Дурлалын тухай ярилцъя”, “НАБХЗ”, “70 baby”, “Дурсамж”, “Анжело”, “Хайрлая, амлая”, “Чамдаа би хайртай”, “Янаг жаргал”, “Амьдрал ба дурлал”, “Хөөрхөн охин”, “Цаг”, “Goodluck” зэрэг дууны шинэ хувилбарыг хүргэхээр төлөвлөжээ.
Бэлтгэсэн А.Хангай