Блюз урсгалаар дагнан тоглодог цөөхөн хамтлагийн нэг “Deaf cats” хамтлагийг “Шинэ танил” онцоллоо. Тус хамтлаг гоцлол дуучин Ц.Ариунбулган, аргил гитарчин Б.Итгэлт, гоцлол гитарчин Ө.Анар, бөмбөрчин Д.Түвшинзаяа нарын бүрэлдэхүүнтэй.
Б.Итгэлт, Д.Түвшинзаяа нар өмнө нь “Vintage” гэдэг хамтлагт тоглодог байсныг рок хөгжим сонирхогч залуус санаж буй байх. Тус хамтлаг удаан тоглолгүй тарсны дараа блюз урсгалаар тоглохоор шийдэж, шинэ бүрэлдэхүүн цуглуулжээ. Улмаар одоогийн бүрэлдэхүүнээрээ 2020 оны зунаас уран бүтээлээ хийж, сонсогчдод хүргэж байна. Өнгөрсөн жил “Playtime” олон улсын хөгжмийн наадмын виртуал хэлбэрээр зохион байгуулахад эл хамтлаг уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн юм. Тус хамтлагийнхан урын санд багтдаг олон дуугаа англи хэлээр дуулсан. Энэ тухайгаа “Блюз бол барууны хөгжмийн урсгал. Тухайн орны хэл болон соёлын онцлог нь хөгжимтэйгөө нягт холбоотой байдаг” гэж тайлбарладаг. Дуунуудынхаа шүлгийг ихэвчлэн гоцлол дуучин Ц.Ариунбулган зохиодог бол аяыг гишүүд бүгд хамтран туурвидаг байна. Тэд алдартай блюз хамтлагуудын дууг сонсоод төрсөн мэдрэмж, эсвэл амьдралд тохиолдсон үйл явдлууаасаа сэдэвлэн дуунуудынхаа санааг гаргадаг аж.
“Deaf cats” хамтлагийнхан “Дуунуудаасаа сайхан мэдрэмж авч, түүнийгээ хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг” гэсэн. Сонирхуулахад, 1930-аад онд жазз, блюз урсгалаар тоглодог африкчуудыг “Cat” гэж нэрлэдэг байж. Арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах нь их байсан учраас тэд шөнийн цагаар, олны нүднээс далд газарт тоглодог байсан аж. “Deaf cats” хамтлагийнхан ч нэрэндээ заавал энэ үгийг багтаахыг хүсэж, ийн нэрлэжээ.
Бэлтгэсэн А.Тайшир