МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 25 дахь жилдээ зохион байгууллаа.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа “Одоогоос 25 жилийн тэртээ Монгол бичгээр хэвлэгддэг анхны хэвлэл болох "Хүмүн бичиг" сонины нэр дээр "МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН" Улсын уралдааныг санаачлан зохион байгуулах их хувь надад тохиосноос хойш энэ сайхан наадам 25 дахь жилдээ улам өргөжин тэлсээр ирлээ.
Энэ уралдааныг өнөөдрийг хүртэл таслалгүй кохион байгуулж ирсэн “Хүмүүн бичиг” Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б. Элбэгзаяа тэргүүтэй эрдэмтэн багш нар, эх хэлнийхээ төлөө сэтгэл чилээдэг олон сайхан хүмүүст талархал дэвшүүлье.
Миний хувьд энэ наадмыг жил бүр ивээн тэтгэж оролцдог бөгөөд Монгол бичиг хэмээх эрхэм нандин өв уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх, сайхан бичигтнүүддээ өөрийн нэрэмжит шагналыг олгодог болсондоо сэтгэл туйлаас хангалуун явдаг.
Энэ жилээс эхлэн "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааныг БШУ, Соёлын яам дэмжиж оролцож байна. Цаашдаа энэ сайхан уралдааны шагналын санг Монгол Улсын засгийн газраас хариуцах шийдвэрийг гаргана.
Энэ жил 8 настай балчираас 80 буурал багш тэргүүтэй олон багш, сурагчид, зураач урчууд, монгол бичгийнхээ өв соёлыг түгээгч зураач урчууд оролцлоо.
Жишээ татахад энэ уралдаанд оролцсон Үүрцайхын Эмүжин охин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 2б ангид сурдаг. Таван наснаасаа үндэсний бичгээ гэрээр ээж, эгчээрээ заалган сурч 2019 онд "Монголын сайхан бичигтэн" улсын 23-р уралдаанд бяцхан оролцогч, 24-р уралдаанд ахмад депломатч Намчингийн нэрэмжит шагнал, 25-р уралдаанд эгч Ү.Энхжинтэйгээ хамт "Тэргүүн" байр эзэллээ.
Мөн МУГБ Д.Сайнтогтох 80 шүргэм насандаа энэ уралдааны дэд байрын шагналыг хүртлээ. Өмнөх жилүүдэд уг уралдаанд тасралтгүй оролцож Монголын сайхан бичигтэй уралдааны тэргүүн байрыг олон удаа хүртэж бахдам сайхан амжилт үзүүлсэн багш юм.
Монгол бичгээ уран тансагаар дуурсгасан эдгээр хүмүүс бол өнгөрсөн ирээдүй цагийн алтан хэлхээг Монгол бичиг хэмээх эрдэнийн тамгаар тамгалж, оюун мэдлэгийн охь бүрийг нээн гаргах эрдмийн их уурхайн хайгуулчид, хичээл зүтгэлийн манлайлагч нар юм.
Миний бие 2015 онд Монгол бичгийн тухай хуулийг санаачлан батлуулахад оролцож, Монгол Улсын иргэд, төр улсын болон аж ахуй нэгж байгууллагууд, Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд монгол хэлийг хэрхэн зөв хэрэглэх, хөгжүүлэх, хамгаалах, хадгалах талаар олон талын зүйл заалт орсноороо өвөрмөц болсон билээ" хэмээжээ.