БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд "Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээ"-ний талаар мэдээлэх үеэр "Багш нарын үндсэн цалин нэг сая төгрөг болно" гэв. Тодруулбал, тэрбээр
"2022 оны улсын төсөв батлахад шинэ эх үүсвэрийг баталсан. Өмнө нь боловсролын салбар урсгал зардал, цахилгаан дулааных нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэсэн эх үүсвэртэй байсан. Энэ оны улсын төсөвт нэмэгдэл буюу үр дүнд суурилсан санхүүжилт гэж 80 орчим тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн. Багш нар үр дүнгийн урамшуулал гэж авдаг. Гэхдээ үүнийгээ 100 хувь бүтэн авч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тухайн сургууль дээр очсон мөнгөө тэгшитгээд хуваарилж, багш нар хохирч үлддэг байсан.
Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын суурь цалинг нэмэх ёстой гэж шийдсэн. Үр дүнгийн урамшууллыг суурь цалингийн нэг хэсэг болгон өгнө. Цаашид багш нарын цалин 720 мянга биш нэг сая төгрөгөөс эхэлж, үүн дээр суурилан нэмэгдлээ авна. Гэхдээ нэгдүгээр сарын 1-нээс багш нарын цалин ихээр нэмэгдэх юм шиг хүлээлт үүсгэж болохгүй. Ямар ч байсан Засгийн газраас төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод жишгийг баталъя гэж байгаа. Энэ нь багш нарын хувьд нэг сая орчим төгрөгөөр батлагдах болов уу гэж төсөөлж байна" гэсэн юм.