2001 онд одоогийн Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатарын тухай сонинд бичихдээ “Шинэ үеийн чөтгөр” гэж гарчиглачихаад баахан санаа зовж билээ. Тэгтэл хэд хоногийн дараа бүжигчин залуу таараад баярласнаа илэрхийлэхэд нь тайвширсан юм. Морин хуур, цуур тоглож, хөөмийлж, биелдэг, орчин үеийн бүжгийг ямар л бол ямраар үзүүлдэг тэрбээр анхны бүжгэн жүжиг Хүннү гүрэн, Модун Шаньюй сэдэвтэй “Мэргэнд буусан чоно”-оо ч тавиад байсан үе юм. Нэгэн бие, оюунд ямар их чадвар байна вэ хэмээн гайхаж, бишрэхдээ материалаа тийнхүү нэрлэсэн минь тэр байлаа.
Тэр цагаас хойш түүний юу хийж байгааг анзаарсаар ирсэн бөгөөд 20 жилийн хойно дэглэн найруулсан “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийг нь үзээд түүний тухай дахин нэг бодолхийлэхэд хүрэв. Энэ бүтээлийг нь үзэж, цаг хугацаагаар аялан, хадны зураг, бичээс, өвгөдийн захиас, улсын түүх, өнөө цагийн судлал, уран бүтээлчдийн эрэл хайгуул гээд олон зүйлийн талаар эргэцүүлж суутал гэнэт бүжгэн жүжиг бүтээсэн нөхөд бүжгээр, хөдөлгөөнөөр уран зураг зурсан мэт сэтгэгдэл төрөөд явчихсан юм. Хэн нэгэн тайзан дээр уран бийр гүйлгэж өнгө, донж тохируулан зураг зураад буй мэт ч санагдаад байлаа. Их л таалагдсан юм.
Жүжгийн I-V үзэгдлийн турш монгол намба төрх бүхий ардын, хүссэн хөдөлгөөнөө чөлөөтэй үзүүлэх орчин үеийн, бас хип хоп төрлийн бүжиг ч байсан. Ер бүжигчин залуусыг “Чаддаг чаддагаа үзүүл” хэмээн эрх чөлөөг нь эдлүүлсэн мэт задгайдуу. Гэхдээ ерөнхийд нь нэлээд чанга “гар” удирдаж буйг нэвт шувт ойлгогдохоор цэмбэгэр. Бүжгийн жүжгийн цомнолыг судлаач, доктор С.Дулам багш бичсэнийг өмнө мэдээлсэн тул нуршин тодотгоод яах вэ. Тэрбээр Монгол орны маань өнцөг булан бүрт байдаг хадны зургууд чухам юу хэлдгийг орчин цагт урлагийн ямар төрөлд хөрвүүлбэл ойлгомжтой, сонирхолтой болох бол хэмээн олон жилийн турш бодон, эцэст нь бүжгээр гаргаж болох юм байна хэмээн сэдэж, уран бүтээлчидтэй санал солилцжээ. Тэгснээр СУИС-ийн захирал Э.Сонинтогос тэргүүтэй баг, улмаар Бүжгийн урлагийн сургуулийнхантай хамтарч гурамсан жүжиг бүхий төсөл болгосны сүүлчийнх нь уг бүтээл юм. Жүжиг 13 гол дүртэй. Тэдгээр нь тамганууд. Өнөө цагийнханд адууны тамга гэвэл илүүтэй ойлгогдох байх. Эдгээр нь үнэндээ бидний өвөг дээдэс тэртээ 3-10, магадгүй түүнээс ч олон мянган жилийн өмнө хад, чулуунд сийлж үлдээсэн овог, аймгуудын тамга аж. Уран бүтээлчид тэрхүү тамгануудыг бүжиглүүлсэн хэрэг. Хэлбэр галбир ерийн бус загваруудаар бүжгийн хөдөлгөөн төрүүлж, бүжигчдээр амилуулан гол дүр болгосон нь үүх түүх сайтай, өв, соёлоор баялаг монголчуудын л сэдэх ухаан мэт. Хад, чулуун дээрх бичээс, зураг гэдэг нь хүмүүний, айл гэрийн, улс гүрний амьдралын толь байдаг ажгуу. Дэл уулан дахь нэгэн хадан дээр эр, эм хоёр арга бэлгээр нэгдэн нийлж, үр удмаа төрүүлж буй зураг байдаг юм байна. Түүгээр жүжгийн II үзэгдлийг зохиомжилжээ. Дэлгэцийн бүтээлээс бишгүй хардаг хайр сэтгэл, үүлэн борооны явдлыг бүжигчид тайзан дээр үзүүлэх нь бас л онцгой. Амьдрал л юм хойно эрээн, бараан, хар цагаантай. Булган аймагт байдаг нэгэн хадан дээр эцэг, эх, хүүхэд гурав руу хэсэг хүн нум сум онилон харваж байгаа тухай зураг байдаг аж. Үүнээс жүжгийн IV үзэгдлийг зохиомжилжээ. “Тамган хүмүүс” тулаан, самууны хэсгийг олны хэсэгтэй хамт давлагаалуулах ахуйд бүжигчин тус бүрийн ур чадварыг шүүсэн шигээ үзэж суух жаргал байсан юм.
Санаа, сэдэв сонирхолтой, адал явдлаар баялаг ийм нэгэн бүжгэн жүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар ҮУИТ-т бүжиг дэглээч, ерөнхий бүжиг дэглээч, уран сайхны удирдагчаар 17 жил ажиллаад 2019 оны есдүгээр сараас тус сургуулийн захирлын албыг хашиж буй аж. Өмнө нь энэ сургуульдаа олон жил багшилсан билээ. Тэрбээр “Би бүжиглэхгүй, дэглэхгүй, ер нь хөдлөхгүй суухгүй. Хэзээ хөдөлж чадахаа байна, тэр хүртлээ бүжиглэнэ, дэглэнэ. ҮУИТ удахгүй өөрийн гэсэн шинэ байртай болно. Тэгэхэд “Монголын их хаад” гэдэг бүжгийн жүжиг тавина шүү, Баяраа гэж театрын дарга хэлээд л байгаа” хэмээн мэдээлэл дуулгав.
Бүжиг дэглээч Д.Баярбаатар ҮУИТ-т олон жил ажиллахдаа үндэсний бүжгүүдийг тайзны, мэргэжлийн өндөр түвшний бүтээл болгон тавихдаа монгол уламжлалаа хадгалан, хамгаалах талд анхаарахын сацуу сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Мөн хувь уран бүтээлчидтэй хамтарч орчин үеийн чиглэлээр ч туурвисаар байв. Түүний 2001 онд анхлан дэглэсэн бүжгийг нь залуу балетчдын “KHABL dance” хамтлагийнхан гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо гала концерт-2002”-оор Улсын филармонийн тайзнаа бүжиглэж байсан нь саяхан мэт. KHABL гэдэг нь балетчин Хангай, Алтанхуяг, Батболд, Лхагвасүрэн нар юм. Тэд өдгөө бүгд балетын урлагт амжилттай яваа эрчүүд.
Бүжиг дэглээч ҮУИТ-таа Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржтой хамтарч “Нүүдэл” хэмээх үндэсний хэлбэрийн бүжгэн жүжиг бүтээсэн бөгөөд Модун Шаньюй, Чингис хаан, Өндөр гэгээн Занабазар нарын түүхэн дүрүүдийг тус тусынх нь онцлогийн хүрээнд хөгжмийн, бүжгийн хэлээр тодотгосон юм. Түүний 2005 оны бүтээл “Бие чинь болъё” бүжиг алдартай. Магадгүй хамгийн эрэлт, хэрэгцээтэй бүтээл нь байж ч мэднэ. Дурлалт хос гал голомтоо бадраадаг тухай агуулга бүхий уг бүтээлийг өдгөө бараг хурим бүрээр бүжиглэх болжээ. Мөн “Жороон жороо”-г нь олон улсын бүжигчид мэргэжлийн уралдаануудад бүжиглэдэг. Лав 2015 оноос хойш улсын баяр наадмын нээлт, төрийн концерт түүний бүжиггүйгээр болоогүй санагдана. Үүний хүрээнд тойром бүжиг, хурдан морьдын тухай “Төрийн ажнай”, монгол угсаатны чуулбар “Их цэнгэл наадам”, Хубилай хааны мэндэлсний ойд зориулсан хаад, ноёдын сэдэвт “Төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг” гэсэн бүтээлийг нь олон нийтэд хүргэж байлаа.
Урын санд нь жин дардаг “Монголын их хатад” бүжгэн жүжгээ 2013 онд туурвисан. Манай улсын түүхэнд нэр, нөлөө нь тод есөн хатан тус бүр гол дүр. Хатан тус бүр үйл явдлын гол, цөм төдийгүй тус бүртээ өөр, өөр намба төрхөөр бүжиглэх тул нэг гэхээс илүүтэй есөн бүжиг ч юм шиг, эсвэл есөн бэсрэг бүжгэн жүжиг ч мэт бүтээл болсон нь амаргүй даваа байсан тухай тэрбээр ярьж байна.
Бүжиг дэглэх нэг хэрэг. Дэглэн найруулах гэдэг нь бодож, ан төлөвлөх, гүйцэтгэх үе шат бүхий нийлмэл ажил. Бүжиг янз янз. Концертын, чуулбар, мөн цөөн хүний бүрэлдэхүүнтэй бэсрэг нь байхад бүр том, багаар ажиллах, үндэсний их найрал хөгжим тоглох бүтээл ч байдаг. Томоохон хэмжээний бүтээл дэглэн найруулахад зохиол редакторлох, цомнолыг нарийвчлан боловсруулах, дүрд хувирах бүжигчдийг сонгох, шинэ залуу чуудыг гаргаж ирэх гээд шийдэл нэлээд шаарддаг байна. Яруу найрагч нартай хамтарч ажиллах ч хэрэг гарна. Мэдэхгүй хүн бол хэдэн хөдөлгөөн холбоод л бүжиг бүтээчихдэггүй юм уу гэж асууж мэдэхээр. Гэтэл үгүй аж. Дэглээчид үндэсний бүжигтээ тун чамбай ханддаг байна. Хэчнээн шинэчилсэн ч монгол бүжгийн намба төрхийг алдаж, алдуулж болохгүй нь бичигдээгүй хууль.
Шинэ бүжиг дэглэх мөрөөдлөө биелүүлж, мөн биелүүлэх гэж явсаар байгаад өнөөдөр Бүжгийн урлагийн сургуулийн захирал болоод буй тэрбээр “Их сургуулиасаа, судалгааны энэ том газрын эрдэмтэн профессоруудаас их юм сурлаа. Магистрын хичээл гэж юу байдаг, эрдмийн цол, зэргийг яаж хамгаалдаг, судалгаа хэрхэн хийдэг юм гэдгийг мэдэж авлаа. Уран бүтээлийн томоохон судалгааны ажлын үед энд ирж таарснаар “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжиг туурвих багийн гишүүн боллоо. С.Дулам докторт сэтгэлээ уудлуулж, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хөгжмийг мэдэрч, оюутнуудыг олноор хөдөлгөх боломж олж, тайзны болон хувцасны зураач, дэлгэцийн мэргэжилтнүүд, нүүр хувиргагчтай сайтар хамтарч ажиллалаа. Энэ шинэ бүжгэн жүжгээ төгс бүтээл болсон гэж хэлэхгүй. Засаж залруулах юм бий. Гэхдээ бид Монголын бүжгийн урлагт ямар их хур нөөц байгааг олж харлаа. Цаашид энэ нөөцийг хэрхэн ашиглах талаар илүү төсөөлөлтэй боллоо. Түүх, соёлын арвин өв, ахуй амьдралын онцлогтой монголчуудын үр сад болсон уран бүтээлч бид санаа, сэдвээр үргэлж бялхаж байдаг. Ихийг хийж бүтээх эрч хүч дүүрэн байна” гэж байлаа.
Бүжиг дэглээч Д.Баярбаатар онгодтой санагддаг юм. Тухтай уулзсаных энэ тухай асуугаадхалаа. Тэрбээр “Онгод гэж байдаг. Онгодгүйгээр уран хөдөлгөөнүүдийг бий болгох аргагүй. Хөгжмөө ойлгохгүй, хувцсаа ч мэдрэхгүй. Бүжигчиндээ урам өгч ч чадахгүй. Өөрөө онгодтой байж бүжигчдийнхээ урам, онгодыг хөглөнө. Тэгж гэмээнэ бүжиглүүлнэ. Баярбаатар өвөрмөц хөдөлгөөн, манертэй гэж үзвэл бүжигчид түүнийг нь зүрх сэтгэл, оюун тархиараа мэдэрч хүлээж авахгүй л бол шинэ хөдөлгөөн харагдахгүй. Хий хоосон сарваганасан хөдөлгөөн юу ч илэрхийлэхгүй. Олон жил хамтарч ажилласан бүжигчидтэйгээ хурдан ойлголцдог. Сүүлдээ бүр амар болсон. Манай бүжигчид миний өөрийн мэдэлгүй хийсэн хөдөлгөөнүүдийг гар утсаараа бичээд авчихсан байдаг. Зарим нь хөлийн, бусад нь гарынхыг бичнэ. Харцыг ч хүртэл буулгачихсан байдаг. Онгод орж ирсэн тухайн үед юу хийснээ мэдэхгүй тул дахиж яг түүн шигээ давтах аргагүй. Шавь нар мэддэг болчихсон болохоор бичээд авдаг тустай. Түүнийгээ харж байгаад шинэ хөдөлгөөн зохиож, бүжигчдэдээ суулгаж өгдөг болсон. Тэгэхээр лав онгод гэж байдаг. Хаанаас ирдэг, юутай холбоотойг мэдэхгүй. Бусад уран бүтээлчид бас адилхан байдаг болов уу. Ер нь их бодох тусам онгод ордог шиг. Өөрийгөө хийх гэж байгаа ажлаараа сайтар хөглөх хэрэгтэй. Ажилдаа маш их, бараг л үхтэлээ дурлах ёстой. Гуниглах, зовох, баярлах, гацах, шатах шахталаа шаналах нь ч онгодыг дууддаг байж магад. Бүжигчин гэдэг бол хурд, хүч, онгодын цогц. Уяа сойлго нь таарсан морьд шиг л юм даа. Юутай ч өндөр их Алтай, Сутай хайрхан, цэлгэр уудам Хүйсийн говийн зэрэглээн дунд төрж, нутгийн зөөлөн салхиар амьсгалж өссөн хүн тэнэг байх учиргүйг мэднэ” гээд инээх нь хийморьтой. Онгод гэдэг нь бөө, шашинтай ямар нэг байдлаар холбоогүй юм байна.
Бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, багш, захирал Д.Баярбаатар ажлаас ажлын хооронд завгүй. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль өдгөө нийслэл болон орон нутгийн бүхий л театр, чуулга, мэргэжлийн студийг бүжиг дэглээчээр хангаж байгааг хэлээд энэ бүхний эхлэлийг ухаалгаар тавиад үүрд одсон Б.Алтанцэцэг багшдаа талархаж ханашгүй гэж байлаа. Мөн тэрбээр өнөөдөр Баярбаатар боломжийн түвшинд ажиллаж, туурвиж буй бол энэ нь Г.Долгорсүрэн, Ц.Сэвжид, Д.Нанжид, Б.Жамъяндагва, С.Сүхбаатар, Д.Баасанхүү гээд улсынхаа бүжгийн урлагийн хөгжлийн төлөө бие, сэтгэл, эрдэм, чадлаа зориулсан багш нарын ач хэмээж байна. Одоо тэрбээр нэг юмны тухай бодож эхэлжээ. Монголынхоо бүжгийн ийм сайхан бүтээлүүдийг гадаад улс орнуудад үзүүлэх сэн гэсэн бодол тээх болж. Монгол бүжгийн хөгжим, хөдөлгөөн яруу тансаг, бүжигчид нь эрч хүчтэй, онгодтой. Гадаадын тайзан дээр таван сайхан бүжигчин гарч ирээд л үзэгчдийг босгоно. Сайн менежер хэрэгтэй байна. Тэр цаг холгүй байх” хэмээн нүдэндээ галтай хэлнэ билээ.
“Шинэ үеийн чөтгөр”-өө 20 жилийн дараа бүжиг, бүжгэн жүжиг бүтээх, хөдөлгөөнөөр зурж туурвих тавилантан гэж харлаа.