Монголын Үндэсний музей 2022 оныхоо анхны үзэсгэлэнгээ Эзэн Чингис богдын алтан ургийн үе залгамжлагч, Богд хаант Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Далай Чойнхор засаг ноён Гэмпилдоржийн Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээр нээлээ.
Үзэсгэлэнд Далай Чойнхор вангийн хошууны хүрээ хийд, нэр бүхий лам хувраг хүмүүсийн хэрэглэж байсан хэрэглэл болон хошууны нэрт урчуудын бүтээсэн 18 дугаар зууны үеэс 20 дугаар зууны эхэн үед хамаарах бүтээлээс 160 орчим модон эдлэлийн соёл, эд өлгийн дээж үзмэрийг сонгон дэглэн үзүүлсэн байна.
Эдгээр бүтээлүүд нь бурхан шүтээний сийлбэр, тахил, тааллын шүтээнүүд, зарлигийн шүтээнд холбогдох модон бар, эх дардсууд хийгээд Монголчуудын шашин соёлын зан үйлийн нийтлэг хэлбэрүүд багтаж байна.
Үүнд:
- Мал сэтэрлэх ёсонд хамаарах сэтэртэй малын модон сийлбэр,
- Төрөл бүрийн хэлбэр хийцтэй модон цацлууд,
- Шүншгийн сав,
- Даллагын сав,
- Тахил шүтээний модон авдар зэрэг модон соёлын дурсгал, дээж үзмэрүүд тавигджээ.
Сонирхуулахад, Далай Чойнхор вангийн хошуу нутаг нь түүхэн газар зүйн хувьд, хуучин Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын өмнөд хэсэг, Завхан аймгийн Идэр сумын хоёр шавийн газар нутаг, Тосонцэнгэл, Их-Уул сумын өмнөд бие нутгаар хамарсан хуучин хошуу нутгийн газар нутаг багтдаг билээ.
Далай Чойнхор вангийн хошуу нутгийн урчууд нь төмөрлөг боловсруулах, ган төмрийн урлалын сонгодог уламжлалтай аж. Тэр ч утгаараа энэ удаагийн үзэсгэлэнгээр хошууны урчууд болон хүн ардын хуш мод, арцны үндэс, яргай, зандан зэрэг модыг боловсруулахад ашиглаж байсан томоохон соёл уламжлалтай танилцах, суралцах боломжийг нээж буйгаар онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд эрдэмтэн судлаачид, эх түүх өв соёлоо дээдлэгч олон түмэн хүрэлцэн ирлээ.
Үзэсгэлэнг нээж МҮМ-н Захирал Л.Жаргал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Ц. Цэрэндорж, Талын язгууртан сангийн ерөнхийлөгч М. Сүхбаатар, Чингис хаан одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г. Мэнд-Ооёо, Дүрслэх урлагийн академийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш доктор профессор С. Бадрал нар мялаалгын үг хэлэв.
Ташрамд дурдахад, тус үзэсгэлэн нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх гэнэ.