Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын мэдээллийн технологийн төвөөс ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийнханд зориулсан сургалтын www.medle.mn цахим хуудас ажиллуулж эхэлсэн билээ. Уг цахим хуудасны хичээлийн сан бүрдүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн. Үүнд багш нар одоогоор 2200 гаруй хичээлийн цахим контент ирүүлснээс 501-ийг нь шалгаруулан, олон нийтэд нээлттэй байршуулжээ. Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон аймаг, Баянзүрх, Баянгол дүүргийн багш нар цахим сан бүрдүүлэх ажилд идэвхтэй оролцож буй юм. www.medle.mn сайтад байрших цахим хичээлийн сангаас хүүхэд бүр орон зай, цаг хугацаа, байршил үл хамааран нээлттэй суралцах боломжтой бөгөөд ирэх онд 16 411 хичээл оруулахаар төлөвлөсөн гэнэ. Уг сайтад чанартай сайн контент нийлүүлж, 483 хичээл байршуулсан 43 багшид 5.5 сая хүртэлх төгрөгийн урамшууллыг БШУЯ-наас олгосон байна. Цаашид ч багш нар контентоо нийлүүлэх боломжтойг тус яамнаас мэдээлсэн юм.