Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт өнөөдрийн байдлаар 42.6 мянга гаруй суралцагч суралцаж, 3.9 мянган багш ажилтан ажиллаж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл 2021 онд хэрэгжүүлсэн ажил болоод цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос холбогдох талуудтай хамтран боловсруулсан гурван мэргэжлийн болон “Өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрхлэгч, арга зүйчийн ажил мэргэжлийн лавлах”ын төслийн тухай авч хэлэлцсэн юм. Цаашид Мэргэжлийн боловсрол, сургалтын жишиг хотхоныг Улаанбаатар хотын хаяа болон дагуул хотуудыг түшиглэн бүтээн байгуулах ажлыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл”-д тусгахаар ажиллаж байна. Үүнээс гадна Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулах, Мэргэжлийн боловсрол, сургалтыг төрөлжүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн чиглэл, нэр, индексийг шинэчлэн боловсруулах, зохицуулах журмыг Засгийн газраар батлуулах, Мэргэшлийн түвшнийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг 2 сайдын хамтарсан тушаалаар батлуулах, Ажил мэргэжлийн лавлахын загвар, боловсруулах аргачлалыг 3 талт үндэсний хороогоор батлуулах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт 2021 онд хийсэн томоохон ажлуудын нэг бол АХБ-ны санхүүжилтээр барьж байгуулсан Чадамжийн төв юм. Тус төвийг байгуулснаар тус салбарын суралцагчид орчин үеийн тоног төхөөрөмж дээр дадлага хийж, суралцахаас гадна ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, МБС-ын багш нарыг чадваржуулах, ААН-ийн ажилагсдыг мэргэшүүлэх, өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, 6-р түвшин хүртэлх өндөр чанартай сургалт явуулах, Мэргэжлийн ур чадварын тэмцээний бааз болох зэрэг олон давуу тал бий болсон билээ.