ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж болон нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ШУА болон нийслэлийн Боловсролын газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг өргөтгөн нийслэлийн ерөнхий боловсролын түүхийн багш нарыг чадавхжуулах, түүх, соёлын агуулга бүхий контент боловсруулах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих ажлыг эхлүүлж буй юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
-Багш нарын мэргэжлийн болон багшлах ур чадварыг хөгжүүлэх сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, онлайн хичээл зохион байгуулах, контент боловсруулахад харилцан дэмжлэг үзүүлэх,
-Сургалтын шинэ технологи, дэвшилтэт арга зүйн талаар туршлага солилцох, тэргүүн туршлагыг хөгжүүлэх чиглэлээр хамтрах,
-Түүх, угсаатны зүйн салбарын эрдэмтдийн судалгааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтрах,
-Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сурах үйлийг дэмжих, төгсөгчдийг “Монголын түүх” хичээлээр ерөнхий шалгалтад бэлтгэх ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.