Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай зэрэгцэн БШУЯ, Боловсрол телевизтэй хамтран хүргэдэг “Би багш-2021” нэвтрүүлгийн үзэгчдэд хүрээд чамгүй хугацаа өнгөрч байна.
Уг нэвтрүүлэг нь багшийн ажил, мэргэжлийн онцлогийг нийгэмд таниулах, эерэг ойлголт бий болгох, шилдэг арга зүй, ур чадвартай манлайлагч багш нарыг урамшуулан дэмжих замаар багш мэргэжлийн нийгэм дэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Нэвтрүүлгийн эхний улирал 2019 онд болсон бөгөөд бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдаж байсан. Тус нэвтрүүлгийн үр дүнд салбар болоод нийгэмд олон эерэг өөрчлөлт гарсан гэж салбарынхан ам сайтай байсан.
Харин энэ удаад Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн нийт ерөнхий боловсролын сургуулийн шилдэг багш нар оролцож, ур чадвараа сорин өрсөлдөж буйгаараа онцлог юм. “Би багш-2021” нэвтрүүлэгт хоёр шатны шалгаруулалтаас шалгарсан нийслэл, орон нутгийн шилдэг 20 багш оролцож байна. Багш нар хамтын ажиллагаа, авьяас чадвар, мэдлэг туршлага, бүтээлч сэтгэлгээгээр өрсөлдсөннөөс шилдэг 4 багш тунаж үлдээд буй юм.
Өнөөдөр шилдэг дөрвөн оролцогчоос нэгийг нь ялагчаар тодруулж, шагналын сан болох 100,000,000 төгрөгийг гардуулан өгөх юм.