Монгол, Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ, Сэргээн босголт, зээлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийнхөн тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд хамаардаг, ерөнхий боловсролын 48 сургуулийн эко танхимыг тохижуулж, сургалт, судалгааны багаж хэрэгслээр хангасан байна. Тэрчлэн I-XII ангийн багш нарт гарын авлага, сурагчдад дасгалын ном, байгалийн ухааны хичээлд ашиглах туршилт, судалгааны багажууд олгожээ. Эдгээрт 1.6 тэрбум төгрөг зарцуулсан аж.
Тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд амьдардаг иргэд бусдаас илүү хариуцлагатай байж, байгальдаа эзэн болох учиртай. Ийм иргэдийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх нь эл төслийн зорилго юм. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчид есөн аймгийн Боловсролын газрын удирдах ажилтан, 48 сумын ерөнхий боловсролын сургуулийн 350 гаруй багшийг цахим сургалтад хамруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн онцлог, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, экосистемийн тэнцвэрт байдлын талаар ойлголт, мэдээлэл өгчээ.
Бэлтгэсэн Ж.Сувд