Ардын Засгийн газар 1921 онд анхны бага сургууль байгуулснаар Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, энэ салбарын түүхийг зузаатгасаар 100 жилийг үджээ. Хүн амын 90 хувь нь бичиг үсэггүй байсан 1921 оны Монгол орны дүр төрх өнгөрсөн хугацаанд тэс өөрчлөгдөж, бичиг үсэггүй хүн бараг үгүй болсон. Өнөөдөр 1.1 сая багачууд, хүүхэд, залуучууд бүх шатны сургуульд суралцаж байна. Энэ салбарт 94 мянган багш, ажилтан ажиллаж, хүн амын сурч боловсрох эрхийг хангахаар чармайж буй.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас түүхт 100 жилийн ойг угтан Монгол Улсын боловсролын салбарт өнгөрсөн нэгэн зуунд өрнүүлсэн их үйлсийг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэнг дэлгэлээ. “Орчин цагийн боловсрол-100 жил” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнд түүхийн гэрч болсон 300 гаруй бүтээлийг тавьжээ. Эдгээрийг Үндэсний төв архивын сан хөмрөгөөс дээжлэн, мөн соёлын нэрт зүтгэлтнүүдийн гэр бүлийнхний, цуглуулагчдын хувийн архиваас түүвэрлэн иргэдэд толилуулж буй. Өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй нэн ховор гэрэл зураг олон байгаагаараа эл үзэсгэлэн онцлогтойг зохион байгуулагчид нь онцолжээ.
Тухайлбал, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханы ховор зураг, түүний охин, Ардын жүжигчин Э.Оюуны 1935 оны Багш нарыг бэлтгэх сургуулийн аттестатыг эндээс харж болно. Мөн МУИС-ийн ректор, академич Н.Содномын 1934 оны Сайшаалын үнэмлэх, 1924 онд ЗХУ-ын Ленинград хотод Дорно дахины дээд сургуульд суралцаж байсан анхны 18 оюутантай “танилцах” ховор боломжийг үзэгчдэд олгов. 1926-1930 онд алс газарт сурахаар одож, Герман, Франц улсад эрдэм өвөртөлсөн, Монголын үндэсний сэхээтнүүдийн анхдагчдыг, 1934 онд Зөвлөлтийн Эрхүү хотын “Монголрабфак”-т суралцсан оюутнуудын гэгээн дүрийг “тамгалсан” сүүдэр зургуудыг үзэсгэлэнгийн танхимд залжээ. 1934 онд ЗХУ-д суралцаж байсан анхны аспирант болох Мэргэн гүн М.Гомбожав, Цэндийн Дамдинсүрэн, Ш.Цэвэг, Д.Сурмаажав нарын гэрэл зургийг дэлгэсэн байна. Энэхүү үзэсгэлэнгээс Монголын багш нарын сүлд дуу болсон “Багшаа дуулъя” дууны зохиогч, яруу найрагч Ж.Бадраагийн 1945 онд Багшийн сургуулийн оюутан байх үеийг харах боломжтой. Түүнчлэн манай улсын анхны Ардын багш Г.Батсүхийн Багшийн сургуульд багшилж байх үе буюу 1940-өөд оны зураг ч байна. Монголын боловсролын тогтолцооны түүхэнд нэгэн зурвас болсон хөвгүүд, охидын сургууль гэж байсныг орчин цагийнханд танилцуулах түүхэн зургуудыг үзэх нь бас л сонин байлаа.
Бэлтгэсэн Э.Хана