Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдвээр үндэсний сургагч багшийг бэлтгэж байна.
Эхний ээлжинд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч 88 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэжээ.
Хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга зүйг тусган, багш нарыг ажлын байран дээр нь чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх боломжийг олгох зорилт тавьсан байна. Сургалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулах аж.
Аймаг, дүүргийн хэмжээнд “Хүмүүжлийн эерэг арга”-аар орон нутагт сургагч багш бэлтгэх сургалт 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд, 2022 оны нэгдүгээр сард багтаан ерөнхий боловсролын сургуулиудын нийт багш, ажилтнуудад зохион байгуулна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй харилцаа хандлагыг баримтлах, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэж байгаа юм.