Цар тахлын улмаас боловсролын байгууллагууд хоёр жил шахам хаалттай байсан нь сурагчид хичээлийн хоцрогдолд өртөх томоохон шалтгаан боллоо. Ялангуяа хоёр, гуравдугаар ангийн сурагчдад онцгой анхаарах шаардлагатай юм билээ. Ийм хүнд цаг үед манай улсад бага ангийн багшийн хүрэлцээ тааруу, ачаалал нь хэтэрсэн гэх харамсалтай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, ачааны хүнийг үүрч, боловсролын хоцрогдлыг нөхөх ёстой гол мэргэжилтнүүд дутагдалтай байгаа нь томоохон асуудал юм. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газраас “Бага ангийн багш нарын хэрэгцээ болон энэ чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийн тоог харьцуулахад нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс сайжирч байна. Гэхдээ орон нутагт багш нэлээд дутагдалтай байгаа” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын эхээр явуулсан судалгаагаар 2021-2022 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 118 сургуульд 1283 багш, ажилтны сул орон тоо байна. Үүний 152 нь бага ангийн багш. Тухайлбал, Баянгол дүүргийн сургуулиудад 12 багш дутаж буй аж. Үүнд 19, 47, 73, 113, 146 дугаар сургууль, “Монген”, “Сэтгэмж” зэрэг цогцолбор хамрагджээ. Мөн Баянзүрх дүүргийн сургуулиудад бага ангийн 12 багш хэрэгтэй гэнэ.
Бага ангийн багшийн хүрэлцээний талаар орон нутгийнхнаас тодруулах явцад шинэвтэр нэгэн арга, аргачлал нэвтэрсэн талаар сонсов. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиуд дунд, ахлах ангид монгол хэл, түүх, газар зүй, биеийн тамирын зэрэг хичээл зааж байсан багш нарыг бага ангийнханд багшлуулахаар бэлтгэдэг болжээ. Үүний тулд багш нар МУБИС, “Гурван эрдэнэ” дээд сургууль зэрэгт дахин суралцсан байх юм. Нэг талаар боломжийн зохицуулалт шиг санагдавч нөгөө талаар арга ядсан мэт. Уг нь орон нутгийн сургуулиуд бага ангийн багш ажиллуулахаар урихдаа “Манайх зам сайтай, нийслэл рүү унаа тогтмол явдаг. Байнга амьдрах газраар хангах хүртлээ сургуулийн дотуур байранд түр байлгана. Ажиллаж, амьдрах орчныг сайтар бүрдүүлнэ. Компьютер, интернэтээр хангана” гэх зэрэг болзол тавьдаг ч багшлах хүн төдийлөн олддоггүй гэнэ. Тиймээс аргагүйн эрхэд өмнө нь өөр хичээл зааж байсан багш нарыг дахин сургаж, “хөрвүүлдэг” болжээ.
Дорноговь аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургууль бага ангийн багш хайж буй тухай мэдээллийн мөрөөр сургалтын менежер Ж.Амаржаргалтай холбогдсон юм. Тус сургууль нэг, хоёр, дөрөв, тавдугаар ангийн тус бүр хоёр, харин гуравдугаар ангийн нэг бүлэгтэй юм байна. Гуравдугаар ангийн ганц бүлэг нь 38 сурагчтай бөгөөд бусад анги нь 25-аас дээш тооны сурагчтай. Иймд зохицуулалт хийх шаардлагатай тул бага ангийн хоёр багш урьж буй аж. Одоогоор тэтгэвэрт гарсан багш нар ажлын байр сонирхож асуужээ. Харин сургуулийн удирдлагын зүгээс бол орчин цагийн шаардлагын дагуу техник, технологийн мэдлэг сайтай залуу багш нарыг хүлээж авах хүсэлтэй гэнэ. Тиймээс яаран шийдвэр гаргахгүй гэдгээ хэлж байлаа. Тэрбээр “Бид өрсөлдөж байж л багш олж авна шүү дээ” гэсэн юм.
Манайх зам сайтай, нийслэл рүү унаа тогтмол явдаг. Байнга амьдрах газраар хангах хүртлээ сургуулийн дотуур байранд түр байлгана. Ажиллаж, амьдрах орчныг сайтар бүрдүүлнэ. Компьютер, интернэтээр хангана” гэх зэрэг болзол тавьдаг ч багшлах хүн төдийлөн олддоггүй гэнэ…
Улаанбаатар хотод улсын сургуулиудын бага ангиуд голдуу 40-өөс олон сурагчтай. Тиймээс багш сурагч бүрт хүрч ажиллах бололцоо, боломж тааруу. Ийм учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ хичээл давтуулах сургалтын төвүүдэд сургах нь элбэг болжээ. Нийслэлийн гуравдугаар сургуульд багшилж байгаад өнгөрсөн намраас хувийн сургалтын “Сая хүүхэд” төв байгуулж, сурлагын хоцрогдол арилгах, эрчимжсэн сургалт явуулах ажил эрхэлж буй нэгэн багш “Бага ангийн сургалтын чанараас тухайн хүүхдийн ирээдүй маш их хамаардаг. Тиймээс хүүхдийг багад нь сайн сургах нь сургалтын байгууллагын ч, эцэг, эхчүүдийн ч гол зорилго байх ёстой. Нэг ангид олон сурагч хичээллэхийн сул тал их. Багш 45 минутад хичээл заагаад л өнгөрнө. Заасныг хүлээж авах чадвартай хүүхэд байна. Гэтэл чадахгүй нь түүнээсээ олон. Хичээлийн явцад юу ч ойлгоогүй хүүхэд гэртээ даалгавраа хийж чаддаггүй, тиймээс сурлагын хоцрогдол үүсдэг. Тэгэхээр ангийн сурагчдын олонхтой зайлшгүй тулж ажиллах болдог. Ийм шаардлагаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ илүү цагаар сургалтын төвд явуулж байна. Би цөөхөн хүүхдэд хичээл зааж байгаа. Нэг, хоёрдугаар ангийнхныг холихоос өөр аргагүй. Яагаад гэхээр хоёрдугаар ангийнхны мэдлэгийн түвшин энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийнхантай тун ойролцоо. Гурав, дөрөвдүгээр ангийнхныг хамт хичээллүүлж буй. Ер нь цар тахлаас үүдэлтэй хоцрогдлыг арилгана, гүйцнэ гэдэг бол маш эрчимтэй үйл ажиллагаа шаардахаар байна даа” гэлээ.
Улсын гэлтгүй хувийн хэвшлийн сургуулиуд ч бага ангийн багш хайх нь элбэг аж. Тэдний төлөөлөлтэй холбогдож “Бага ангийн багш хүрэлцээтэй юү” хэмээн асуухад сургууль болон албан тушаал, нэрээ бичүүлэхийг хүсээгүй сургалтын менежер “Хүрэлцээ муу гэхээс илүүтэй багш нарыг чадавхжуулах шаардлага тулгамдаж байна гэж хардаг” хэмээсэн юм. Тус сургуульд бага ангийн багш хүрэлцээтэй бөгөөд сургалт хэвийн явагдаж байгаа аж. Гэсэн ч багшийн ур чадвар тааруу, шаардлагад нийцэхгүй байгаа тул солихоор болсон гэнэ. Улсын сургуульд 20 гаруй жил бага ангийн багшаар ажилласан туршлагатай тэрбээр “Сүүлийн үед багш нар хариуцлагагүй болжээ. Залуучууд нь ч, нас тогтсон нь ч ялгаагүй. Багш нарт хичээлээ сайн заах шаардлага л тавьдаг. Гэтэл аль аль ажлыг сэтгэлээсээ хийхгүй оромдох, биеийн амрыг харах, шаардлага тавихад “Тэгвэл ажиллахаа болилоо” гэдэг. Ийм тааруухан багш олширвол хэцүү. Тэд хувийн сургуулиас бол гараад явчихдаг. Харин улсын сургуульд ажиллаж эхэлсэн бол яаж ийгээд цалингаа аваад яваад л байдаг. Эцэст нь хүүхдүүд хохирдог. Тэгэхээр бага ангийн багшийн хүрэлцээ буюу тоонд нь анхаарахын сацуу чанар, чадавхад нь гойд санаа тавихыг цаг үе шаардаж байна. Хувийн сургуулиудад нэг ангид дээд тал нь 20 хүүхэд суралцдаг. Тэгэхээр багш сурагч бүрт хүрч ажиллах боломжтой” гэлээ.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газраас мэдээлснээр нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс сайжирсан байж болох юм. Гагцхүү их, дээд сургууль төгсөгчид сургуулиудад ажиллах сонирхолгүй, ялангуяа орон нутгийг зорих хүсэлгүй байхад яах вэ. Сурагчдад үсэг, бичиг зааж, дунд, ахлах ангид амжилттай суралцах замыг нь зааж өгөх онцгой чухал ажил эрхэлдэг бага ангийн багш бэлтгэхэд төрөөс ямар бодлого баримтлахаа цар тахлаас хамаарсан өнгөрсөн хоёр жилийн алдаа, оноонд суурилан хэлэлцэх, шийдвэрлэх нь чухал байх шиг. Нийслэлд, орон нутагт ч жил бүр цөөнгүй сургууль барьж, ашиглалтад оруулдаг. Сайн хэрэг. Гагцхүү тухайн сургуульд ажиллах хүний нөөцийг хэрхэн зохистой, оновчтой бүрдүүлэх, ялангуяа бага ангийн багш нарыг бэлтгэх, улмаар олон жил, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого хэрэгжүүлж, механизм бүрдүүлэх нь чухал байна.
Бид гадаадынхны туршлагыг судалдаг. Авахаа авдаг ч билээ. Европын Холбооны улсад нэг бага ангийн багшид дунджаар 14.7, Францад 19.6, Люксембургт есөн сурагч ногддог аж. Харин манай улсад бага ангийн нэг багшид дунджаар 30.5 хүүхэд ногдож байна. Орон нутгийн сургуульд бага ангийн нэг багш 25 сурагч хариуцаж сургах ёстой. Гэтэл дээр дурдсанчлан Дорноговь аймгийн Зүүнбаян сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг багш гэхэд л 38 хүүхдэд хичээл зааж буй юм байна. Орхон аймагт дунджаар нэг багшид 35.5 сурагч ногдож буй. Харин Баян-Өлгий аймагт нэг багшид дунджаар 20.5 хүүхэд ногдож буй нь улсын хамгийн бага үзүүлэлт аж.
Бага ангийн зарим багшаас ажлын ачааллынх нь талаар тодруулахад бүгд л “Хүмүүс бага ангийн багшаар ажиллахаас халширдаг” гэж хэлсэн. Тэгвэл үүний эсрэг, харин ч уг ажлыг баяр, жаргалтайгаар хийх нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилго, зорилтыг зөв тодорхойлон, түүндээ хүрч ажиллахыг цаг үе шаардаж байна. Тэгэхээр бага ангийн багш нарт халширч татгалзах бус, жаргалтай ажиллах боломжийг нээж өгөх л хэрэгтэй болжээ. Багшийн ажлын ачааллыг багасгахын сацуу сургалтын чанарыг сайжруулах төрийн бодлогыг цаасан дээр яаралтай буулгая.