УДЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн сард Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” түүхэн, туульсын жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Энэ сард Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжиг толилуулж буй. Тус театрын уран бүтээлчид ирэх 2022 оны эхний улиралд үзэгчдэд дахин шинэ бүтээл хүргэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Төрийн хошой шагналт, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийг хүргэх аж. Эл жүжгийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулна. Уг бүтээлийг “Шинэ байшинд” жүжгийг Улсын драмын театрын тайзнаа 1966 оны нэгдүгээр сард Ардын жүжигчин, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюуны найруулгаар анх тогложээ. Өнөө цагийн УДЭТ-ын уран бүтээлчдийн хүргэх “Шинэ байшинд” жүжгийг ирэх оны хоёрдугаар сарын 11-нээс нээхээр товлосон байна.
Ташрамд дурдахад, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, найруулагч Д.Намдаг 1911 онд Өвөрхангай аймгийн Тарагт сумд төржээ. Тэрбээр Монголын үндэсний театрыг шинээр үүсгэн, зохион байгуулах ажилд идэвхтэй оролцож, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопе де Вегийн “Хонины булаг” зэрэг гадаадын болон “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг найруулсан бөгөөд 1962 онд “Цаг төрийн үймээн” романаараа, 1983 онд “Ээдрээ”, “Оролмаа эх” жүжгийн зохиолоороо Төрийн шагнал хүртсэн юм. Орчин үеийн сэдэвтэй “Шинэ байшинд”, “Наянчулууны ой”, “Эрдэмтний яриа”, “Хангайн нуруунд, ‘Үр тариа”, “Сандралт арав хоног”, түүхэн “Ээдрээ”, “Оролмаа” зэрэг жүжгийн зохиол, “Нүгэл буян” киноны зохиолоос гадна үргэлжилсэн үгийн бусад төрлөөр туурвисан бүтээлүүдийг нь уншигчид андахгүй.