“Номадик балет” продакшныхан “Долоон бурхан одны домог”-оо бэлэн болгожээ. Уг бүжгэн жүжгийг үндэсний өв соёлоо хадгалан үлдэх, түүх соёлоо таниулж, сурталчлах үүднээс домгоос сэдэвлэн хүүхэд, багачуудын урлагийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор хүргэх аж. “Долоон бурхан одны домог” бүжгэн жүжгийн төслийн удирлагчаар А.Өлзий-Орших, хөгжмийн зохиолчоор О.Чинбат, ерөнхий балетмейстерээр Э.Эрдэнэжаргал ажиллажээ. Дүрүүдэд “Номадик балет” продакшны гоцлоочдоос гадна ДБЭТ-ын балетын бүжигчид, уртын дуучин Д.Үүрийнтуяа, хөгжимчин Б.Алтанбагана, В.Батзориг, Г.Адъяадорж нар оролцоно. Ташрамд, “Номадик балет” продакшныг дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал, шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготой нэгэн үеийн бүжигчид 2016 онд байгуулсан. Тэд “Мэдрэхүй”, “Цасангоо ба долоон одой”, “Carmen suite”, “Ус”, “Grandeur”, “Legend”, “Бие үгүй” зэрэг тоглолтоо хүргэж байв.