АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACB¬SP)-ийн наймдугаар бүсийн “Сорилт ба боломжийн огтлолцол” сэдэвт олон улсын хурлын хүрээнд Европ, Ойрхи Дорнод, Азийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан тооцоолон бодох загварчлалын уралдаанд ШУТИС-ийнхан амжилттай оролцжээ. Бизнесийн ажил, үйлчилгээнд тооцоолон бодох шинжлэх ухааны загварчлалыг хэрхэн үр дүнтэй ашиглах гарц шийдэл эрэлхийлсэн эл уралдаанд тус сургуулийн Бизнесийн удирдлага, менежментийн салбар сургуулийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн оюутнууд баг болж оролцоод тэргүүн болон гуравдугаарт байр эзэлжээ. Тэргүүн байрт шалгарсан багийнхан ирэх оны зургадугаар сард болох сүүлийн шатны уралдаанд оролцох юм. Тэд 50 орны 500 гаруй их, дээд сургууль сургалтын хөтөлбөртөө тусган, ашиглаж буй CESIM хэмээх загварчлалын системээр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх аж.
Бэлтгэсэн Ж.Мишээл