Европын тэргүүлэх Сорбон, Оксфорд, Кембриж, Хейделберг, Цюрихын зэрэг 12 их сургууль 2002 онд Европын судалгааны их сургуулиудын лиг байгуулжээ. Өдгөө Европын 23 их сургууль үүний гишүүн бөгөөд Европын судалгааны их сургуулиудын стандартаар дэлхийн улс орнууд судалгааны их сургуулиа байгуулж байгаа юм байна.
АНУ-ын 4 000 гаруй дээд боловсролын байгууллагын 220 нь судалгааны их сургууль бол Их Британий 300 дээд сургуулийн 25 нь судалгааны их сургууль аж.
Харин хөгжиж байгаа орнууд голчлон нэгээс хоёр л судалгааны их сургуультай. Олон оронд ийм их сургууль байхгүй ажээ. Тухайлбал, БНХАУ 3 000 гаруй сургуулийнхаа 100 орчмыг дэлхийн түвшний судалгааны их сургууль болгон хөгжүүлж буй юм.
2013 оны 10 сард Европын судалгааны их сургуулиудын лиг, Зүүн Азийн судалгааны их сургуулиудын лиг, Америкийн болон Хятадын судалгааны их сургуулиудын лиг хамтран дэлхийн судалгааны их сургуулийн “Хэфэйн тунхаглал”-ийг баталжээ. Энэ нь орчин үеийн судалгаанд суурилсан их сургуулийн үндсэн шинжүүдийг зааж өгсөн гол баримт бичиг гэнэ.
“Хэфэйн тунхаглал”-д зааснаар судалгааны их сургууль нь:
- Нээлттэй засаглалын тогтолцоотой, олон улсын хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах чадвартай шилдэг хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
- Өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрхэм зорилгоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг, судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй байх;
- Судалгааны ёс зүй, түүнтэй холбоотой хэм хэмжээний стандартыг мөрддөг, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх;
- Судлаачдыг тасралтгүй бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлдэг байх;
- Тэргүүлэх салбарт бакалаврын, ахисан түвшний сургалтаар үндэсний болон олон улсын түвшинд инновацийг бий болгох, нэвтрүүлэх чадамжийг бүрдүүлсэн байх ёстой юм.
Харин манай улсын хувьд ирэх хаврын УИХ-ын чуулганаар боловсролын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Энэхүү багцад судалгааны их сургуулийн хуулийн төсөл багтаад буй юм. Ингэснээр Монгол Улсад анх удаагаа дэлхийн улс орнуудын их сургуулиудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага болсон “Судалгааны их сургууль” бий болгохоор хуулийн төслийг БШУЯ-наас өргөн барьсан байна.