Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Арабын Нэгдсэн Эмират улсын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа. Энэ эрхэм тус улсын Боловсролын сайдаар 2014 оноос томилогдсон бөгөөд салбартаа хэд хэдэн албан тушаалыг зэрэг хашдаг аж.
Уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан АНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад хүүхдийн цэцэрлэг барихад зориулж буцалтгүй тусламж олгосон. Энэ тусламжаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 1 цэцэрлэг барьж ашиглалтад бүрэн оруулсан болохыг уулзалтын үеэр БШУ-ны сайд онцоллоо.
Мөн тус улсын Засгийн Газраас жил бүр 2 оюутанд бакалаврын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд, тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүссэн юм.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн Газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар уулзалтын үеэр хөндөн ярилцсан байна.
Түүнчлэн “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар хоёр улсын боловсролын сайд ярилцлаа. Энэ санамж бичигт
• Их,дээд сургуулийн хамтын ажиллагаа, эрдэмтэн багш нарын солилцоо
• Харилцан бакалаврын оюутан солилцоо
• Шинжлэх ухааны хамтын ажиллагааны талаар тусгажээ.