Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалт 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Эхний өдөр "Залуучууд, ур чадвар, ирээдүйн ажлын байр" сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөсөн бол өчигдөр "Боловсролын салбар дахь инноваци", өнөөдөр "Боловсролын санхүүжилт" сэдвээр 63 орны төлөөлөгч хэлэлцэж байна.
Тус дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монголын төлөөлөгчид өнөөдөр ЮНЕСКО-ийн боловсролын асуудал хариуцсан орлогч захирал хатагтай Стефаниа Жианнинитай уулзлаа.
Уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын засгийн газар боловсролыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлж байгааг онцолсон. Ковидоос үүдэлтэй сорил бэрхшээл дэлхийн бусад улсын нэгэн адил Монгол улсын боловсролын салбарын өмнө ч тулгарч байна.
Сурлагын хоцрогдлыг зөв оношлох, хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр тууштай ажиллах, онлайн, зайн сургалтуудын нөхцөл байдал, дэд бүтцийг бэхжүүлэх дижитал шилжилт хийх талаар санал солилцлоо.
Харин хатагтай Стефаниа Жианнини Парист болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монголын төлөөлөгчидтэй уулзаж тодорхой асуудлуудын хүрээнд дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлж байсан юм.
Техник, мэргэжлийн боловсрол, сургалт болон ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үнэн зөв тохирцтой статистик мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний бенчмаркийг бий болгох зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Мөн Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтыг сайн хэрэгжүүлж байгаа цөөн орны нэг гэдгийг онцоллоо.