А.Цагаанзам өөрийн хичээл зүтгэлээр ОХУ-д Путины нэрэмжит Владивостокийн их сургуульд тэтэглэгтэй суралцах эрх авч чаджээ. Гаргасан амжилттай нь зэрэгцэн тус сургууль руу явах зардал, очоод байрлах дотуур байрны төлбөр болон урсгал зардал гээд олон асуудал түүний өмнө тулгарсан байна. Гэсэн ч тэрээр энэ асуудлын өмнө шантарч дуугүй суусангүй, бусдаас тусламж хүсчээ. Түүний хичээл зүтгэл, шантрашгүй байдлыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан олж, мэдээд хувиасаа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
А.Цагаанзам баярт мэдээг дуулсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Шархадны Цагаанзам хүү ингээд дэлхийн хүү болохоор инээмсэглэл дүүрэн, ээж аавынхаа захиасыг биелүүлэхээр маргааш эрдэм ном суралцахаар хүний нутаг зорино. Өнчин гэж алагчилгүй, итгэл, сэтгэлээрээ хамт байсан найз нөхөд, хайрт эгч, багш нар болон төрийн түшээ Э.Бат-Амгалан ахдаа баярлалаа. Та бүхний энэ их итгэлийг зүтгэлээр хариулж сайн сурч ирээд эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж, заавал амжилтад хүрэх болно. Тэнгэр дээрээс харж буй ээж аавдаа хандаж хэлэхэд хүү нь сайн яваа шүү” гэжээ.