Хотын захын дүүргүүдийн гэр хороолол дахь ерөнхий боловсролын зургаа, Өвөрхангай, Ховд аймгийн тус бүр нэг сургуульд хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, тэдгээр найман сургуульд Японы ГХЯ-ны санхүүжилтээр Хүүхдийг ивээх сангийн хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-II” төслийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд багаас дунд анги руу дэвшин суралцахад тулгардаг асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ. Тухайлбал, тэгш хамруулах боловсролын арга зүйг багш нарт эзэмшүүлэх, ганцаарчилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэн, хүүхдэдээ туслахад нь дэмжлэг үзүүлж байгаа аж. Үүний талаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн дунд ангийн сургалтын менежер Б.Ариунбилэг “Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүүхэд сурдаг. Өнгөрсөн хичээлийн жилд тусгай хэрэгцээт 22 сурагчтай байснаа ийнхүү нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л зургаан хүүхэд элсэх хүсэлтээ ирүүллээ. Манай сургуулийн 50 сурагчийн гурав нь тулгуур эрхтний, хоёр нь аутизмтай, зарим нь харааны бэрхшээлтэй. Цар тахлын улмаас хичээл завсардсантай холбоотой суралцахуйн бэрхшээлтэй сурагчид нэмэгдэж байна. Эрүүл мэндийн байгууллагаар оношлуулсан хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг бол суралцахуйн бэрхшээлийг багш нар тогтоодог. Эцэг, эх нь үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд суралцахуйн бэрхшээлтэй гэж үзэн, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан, тулж ажилладаг. Үүнд тулгуурлан сургуулийн дэмжлэгийн багийнхан яг юунаас болж суралцахуйн бэрхшээл үүссэнийг тодорхойлдог. Оюун ухааны чадамж муу байна уу, эсвэл цар тахал, хөл хорионы улмаас хичээлийн хоцрогдол үүссэн үү гэдгийг ялгадаг” хэмээв. Тус сургууль тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан налуу зам, зориулалтын ариун цэврийн өрөөтэй. Анхнаасаа сургуулийн барилгыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлгүй барьсан тул нэмэлтээр тохижуулахаас өөрөөр дорвитой өөрчлөлт хийх боломжгүйг Б.Ариунбилэг учирласан. Тиймээс нөхцөл байдалдаа тохируулан тусгай хэрэгцээт хүүхдүүдийг аль болох нэгдүгээр давхарт хичээллүүлдэг гэнэ. Цаашид харааны бэрхшээлтэй сурагчдад зориулж брайл үсэгтэй бариулыг хананд суурилуулах болжээ.
Дунд ангид олон төрлийн хичээл ордог тул багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төдийлөн анзаардаггүй байна. Тухайлбал, өрөөсөн нүд нь огт хардаггүй сурагчийг мэдэлгүйгээр маш их даалгавар өгч, сурлагын хоцрогдолд оруулсан тохиолдол бий гэнэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ганцаарчилсан сургалтад хамруулах нь илүү үр дүнтэй аж. Үүний хүрээнд сургуулиудад Хүүхэд хөгжлийн танхим байгуулжээ. Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуульд хүүгээ сургадаг нэгэн ээж “Хүү минь тулгуур эрхтний бэрхшээлтэй тул тэргэнцэртэй. Гэртээгээ ойрхон сургах болсонд баяртай байна. Одоо хүү минь эмнэлэг биш, сургууль руугаа явъя, багш, найзуудтайгаа хамт байя гэдэг болсон” гэв.
Сонгинохайрхан дүүргийн III хороо буюу Толгойтын 65 дугаар сургуульд мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцаж байна. “Ерөнхий боловсролын сургуульд сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багш, сурагчид хүлээн зөвшөөрнө гэдэг нь төвөгтэй асуудал. Ийм тохиолдолд багш нар хэрхэн ажиллах, хүүхдээ сургуульд явуулснаар ямар ач холбогдолтойг эцэг, эхэд ойлгуулах нь хамгийн чухал. Манай сургуулийн хувьд дунд ангийн багш нар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хичээлээ зааж байна. Хүүхдүүд нэгэндээ тусалж, хайрлаж, бие биенээ хүндэтгэдэг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч айж, ичихгүйгээр бусдын адил сурах эрхтэйгээ ойлгон, өөртөө итгэлтэй болсон” хэмээн тус сургуулийн захирал Ч.Хишигмаа ярилаа. Уг сургуульд тусгай хэрэгцээт 30 гаруй хүүхэд сурдаг гэнэ. Цаашид илүү олон хүүхдийг суралцуулахын тулд бага ангийн багш нартаа жил бүр дохионы хэл заадаг аж. Ингэснээр багш нар нь сонсголын бэрхшээлтэй сурагчидтай ажиллах боломж бүрджээ. Харин харааны бэрхшээлтэй сурагчдыг ЭХЭМҮТ-ийн эмч нараар оношлуулж, харааны шилтэй болгожээ.
Бэлтгэсэн Ч.Болор