Энэхүү чуулга уулзалт энэ сарын 10-нд Гадаад харилцааны яаманд цахим, танхим хосолсон хэлбэрээр болсон байна.
Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлж, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Д.Булган, Соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэ болон Соёлын элч нарыг төлөөлөн МУСГЗ Х.Дамдинсүрэн, МУГЖ Д.Алтанхуяг нар илтгэл тавив.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Соёлын дипломат харилцаа улс үндэстний сэтгэл зүрхийг холбосон гүүр болдог тул хоёр талын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдгийг улам бүр хүлээн зөвшөөрч, онцгой анхаарал тавьдаг болсон энэ цаг үед Соёлын элчийн эрхэм үүргийг хүлээсэн та бүхэн эх орныхоо хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байдаг.
Харилцааны энэ чиг шугам урт хугацааны туршид, тасралтгүй, тууштай хэрэгжүүлэх ёстой зөөлөн хүчний бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд та бүхэн мэдлэг боловсрол, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоогоо ашиглан Монгол Улсын гадаад харилцаанд бодитой дэмжлэг үзүүлж, найдвартай түшиг тулгуур болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Гадаад харилцааны хувьд гадаад сурталчилгааны үйл ажиллагааг цогц, нэгдмэл тогтолцоонд оруулах санаачилга гаргаж Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Гурван яамны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Соёлын элч нарын үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулах, олон нийтэд сурталчлах, эрх зүйн орчныг нь хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах, дипломат харилцааны шугамаар дэмжлэг үзүүлэх, гадаад сурталчилгаа болон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад оролцоог нь нэмэгдүүлэх, нэгдмэл, цогц тогтолцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг мөн энэ үеэр онцоллоо.
Чуулга уулзалтаар Гадаад харилцааны яамны зүгээс “Дэлхийн Монголчууд-II”, “Монгол Үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээ, гурван яамны авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тус тус танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад сурталчилгааны бодлого, үйл ажиллагаа, аялал жуулчлалын болон соёлын гадаад бодлого, улс орнуудын туршлага, Соёлын элч нарын оролцооны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Өнөөдрийн байдлаар манай улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргиз, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлыг элч томилсон бөгөөд 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн байдаг.
Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Соёлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Соёлын элчийн журмыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд соёлын үйл ажиллагааг олон улсад сурталчлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс тус хуулинд Соёлын элч нарыг “Монгол Улсын соёлын үнэт зүйл, соёлын үйл ажиллагааг сурталчлах, олон улсын дэмжлэгийг татах зорилгоор урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарын нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг хоёр жилийн хугацаатайгаар соёлын элчээр томилон ажиллуулна” гэж тусгасан байна.
Чуулга уулзалтын энэ үеэр “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, Урлаг судлалын Докторант, дэд Профессор, “АРИГУН” Каллиграфийн Уран бичээч, МУСТА Э.Ариунболд “Монголын Эзэнт гүрний Их хаадын захидлууд” Монгол уран бичгийн үзэсгэлэнг Монгол Улсын Соёлын элч нарт толилуулав.