“Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Энэ хүрээнд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон аймаг дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйчийн нийт 88 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгээд байна.
Уг сургалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулах аж. Тодруулбал, аймаг, дүүргийн хэмжээнд энэ сарын 20-24-нд, ерөнхий боловсролын сургуулиудын нийт багш, ажилтнуудын дунд 2022 оны нэгдүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж буй юм.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй арга хандлагыг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.