Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран оны шилдэг дуу шалгаруулах 33 болон 34 дэх удаагийн “Морин хуур” наадмыг өчигдөр зохион байгуулсан юм. 33 дахь удаагийн буюу өнгөрсөн жил цар тахлын хөл хорионы улмаас цуцлагдсан наадамд хөгжмийн зохиолч, Консерваторын багш Х.Алтангэрэл яруу найрагч Д.Даваасүрэнгийн шүлэгт зохиосон “Зуурд л үгүй жаргая” дуугаараа гран при шагнал хүртэв. Уг бүтээлийг ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү анхлан олонд сонсгожээ. Харин наадмын 34 дэх уралдааны гран при шагналтнаар хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Ш.Өлзийбаяр яруу найрагч Ц.Баярхүүгийн үгэнд бичсэн “Жаргал дүүрэн эх орон” дуугаар гран при шагналтан болов. Түүний дууг баритон, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр дуулсан аж. “Давхар” наадмын гала тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглож, маэстро Б.Батбаатар удирдлаа.
Бэлтгэснэ Р.Оюунаа