Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso gala concert-2020/2021” Улсын филармонид боллоо. Уг тоглолтыг “Виртүс” академиас 18 дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ удаагийнхад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эх орондоо болон олон улсын түвшинд уран бүтээлийн өндөр амжилт үзүүлсэн өсвөрийн долоо, үндэсний дөрөв, сонгодог гурван хөгжимчин болон нэг ардын бүжигчнийг урьжээ. Концертын танхимын тал хувьд нь хөгжимд дурлагч, жилд нэг удаа болдог энэхүү арга хэмжээг болж өгвөл алгасахгүйг хичээдэг үзэгчид цугларсан байв. Ийм орчинд хөтлөгч, цохивор хөгжимчин, Гавьяат багш Б.Зоригт уран бүтээлчдийг ээлж дараалан урин тоглуулсаар. Тоглолтын дараа үзэгчдийн сэтгэгдлийг сонсоход хэд хэдэн уран бүтээлчийг онцолж, “Сэтгэл хөдөлгөсөн”, “Ямар гоё юм бэ, өөрийн эрхгүй “Браво” гэж хашхирсан” хэмээн ярьцгааж байлаа. Нэгдсэн тоглолтын онцлох өсвөрийн хөгжимчнөөр нэрлэсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн долдугаар ангийн сурагч О.Нандин суут хөгжмийн зохиолч Ф.Шопены до диез минорын ноктюрн (Шөнийн дуу) болон “Эрвээхэй” хэмээх этюд тоглосныг “Ямар нандин тоглодог охин бэ” ч гэж байв. Улсын филармонийн хийлч М.Номужин, эрдүү хийлч З.Орчлон нарын хоршил, ДБЭТ, ҮУИТ-ын болон Консерваторын магистрын ангийн оюутнуудын бүрэлдэхүүнтэй цохивор хөгжмийн дөрвөлийн тоглолтыг дахиулмаар сайхан юм хэмээж байлаа.
Энэ үдэш үзэгчдэд нийт 15 бүтээл сонсгож, үзүүлсэн бөгөөд уран бүтээлчдийн дундаас ур чадвараар онцгой нэгийг нь “Виртуоз уран бүтээлч”-ээр өргөмжилж, урамшуулах агшин хамгийн сонирхол татам байсан юм. Зохион байгуулагч “Виртүс” академийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөн тус байгууллагын Удирдах зөвлөлийн шийдвэрээр энэ удаагийн нэгдсэн концертоос хуучирч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Э.Цэндсүрэнг “Виртуоз уран бүтээлч”-ээр тодруулсныг дуулгасан нь нийт уран бүтээлч болон үзэгчдийн сэтгэлд тун нийцсэн нь илт байлаа.
Хуучирч Э.Цэндсүрэн Хятадын алдарт хөгжмийн зохиолч Ли Бо Чаны “Хайр ба дайн” хэмээх бүтээлийг төгөлдөр хуурч Б.Золзаяа багшийн хамт тоглоход үзэгчдийн шууны шар үс боссон гэлтэй. Зохиол маш тодорхой үйл явдал, өрнөлтэй. Хөгжимчин хар, цагаан, сайн, муугийн тэмцлийг харуулан, мэдрүүлэн тоглохдоо гарамгай гүйцэтгэл гээч нь чухам юу болохыг үзүүлсэн гэхээр. Чухам ийм хөгжимчнийг “Виртуоз уран бүтээлч”-ээр өргөмжилсөн нь, гала тоглолтыг дэмжигч, хатагтай М.Нацагсүрэн хоёр сая төгрөгөөр урамшуулсан нь нүдээ олсон шагнал байсан ту хай бүгд ярьцгааж байв. “Virtu¬oso gala concert”-ыг санаачлагч, төгөлдөр хуурч М.Цогбадрах хуучирч Э.Цэндсүрэн яагаад шилдэг хөгжимчин бэ гэдгийг тайлбарлахдаа “Бүх Хятадын залуу хуучирчдын уралдааны тэргүүн байрыг эзэлсэн уран бүтээлч шүү дээ. Хятад бол хуучрын орон. Ингээд бодохоор аргагүй тэргүүн зэргийн хөгжимчин байгаа биз дээ” хэмээсэн юм.
Энэ үдшийн бас нэгэн онцлох зүйл нь цэцгийн соёл түгээгч “Адор” брэндээс гоцлон тоглосон уран бүтээлч бүрт гоёмсог цэцгийн баглаа бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн явдал байлаа.
Бэлтгэсэн Ж.Гэрэл