Шим тэжээлийн дутагдлыг арилгахын тулд дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих зорилгоор “Токио хоол шим тэжээлийн дээд хэмжээний уулзалт-2021” үйл ажиллагаа өчигдөр зохион байгуулагдлаа.
Коронавирусийн халдварын улмаас дэлхий дахинд хурцдаж буй шим тэжээлийн дутагдал болон өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх үеийн шим тэжээлийн ач холбогдлыг үндэслэн хоол шим тэжээлтэй холбоотой салбар тус бүрийн асуудлыг шийдвэрлэх гарцыг оролцогч талууд хэлэлцлээ.
Япон улсын Засгийн газар хоол шим тэжээлийг сайжруулах чиглэлээр бусад орны хүчин чармайлтыг дэмжих, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай хоол шим тэжээлийг сайжруулах талаар санал солилцож, Японы хоол шим тэжээлийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг хуваалцав.
Үдийн хоолны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чанар хүртээмжийг дээшлүүлэх, хоол шим тэжээлийн боловсрол олгох асуудлыг Монгол Улс урт хугацааны бодлогын баримт бичигт тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү ажилд олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг авч ажиллаж байна.
Цаашид энэ чиглэлээр олон улсын сайн туршлагуудыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон эрүүл шим тэжээллэг хоол хүнсийг хүргэх замаар тэдний эрүүл мэнд, боловсролын чанарыг дээшлүүлэх, ёс зүйтэй зөв хүн болгон хүмүүжүүлэхэд анхаарал хандуулж ажиллаж байгаа гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан онцлон хэллээ.
Токио хоол шим тэжээлийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд ЖАЙКА болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрүүл ирээдүй - Сургуулийн үдийн хоол, Шим тэжээлийн боловсрол олгох боломж” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан байна.