1991 оноос хойш олон улсын хэмжээнд зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг энэ жил “Хүчирхийллийн асуудал хүн бүрт хамаатай” уриан доор 16 хоног өрнүүлэх талаар НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу өнөөдрөөс ирэх сарын 10-нд тохиох Олон улсын хүний эрхийн өдөр хүртэл зохион байгуулах эл аяны хүрээнд холбогдох байгууллагууд хамтран олон нийтэд мэдээлэл түгээх, энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой цахим хэлэлцүүлэг, цуврал уулзалт хийхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лорна Роллс “Энэ удаагийн кампанит ажлын гол зорилго нь хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг иргэдэд ойлгуулах юм. Түүнчлэн ийм төрлийн үйл ажиллагаанд хамгийн идэвх муутай оролцдог бүлэг болох эрчүүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулна” гэж онцлов. Ташрамд дурдахад, цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, хүмүүс гэртээ дийлэнх цагийг өнгөрөөх болсноор дэлхий дахинд хүчирхийлэл гаарсныг мэр-гэжилтнүүд дурдлаа. Өдөр бүр 137 эмэгтэй ийм шалтгаанаар амиа алдаж буй “бараан” статистикийг танилцуулсан юм. Монголд энэ оны гуравдугаар улиралд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1021 гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.