Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдээ ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэдэдээ танилцуулах “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгөөр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл зөвлөгөө өгч, “Оролцоо” төсөл болон Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан хүмүүс, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцаж ирсэн иргэдийг байнгын ажлын байранд зуучлах юм. Энэ үеэр ажил олгогчид нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, ажлын ярилцлага явуулна. Мөн Хөдөлмөрийн байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах зэргээр иргэдтэй ярилцана. Дараа нь иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлж, гэрчилгээжүүлэх аж. Улмаар иргэдийг ажилд зуучилж, бүртгэл хийх үйл ажиллагааг нэг цэгээс хүргэнэ.
Өдөрлөгт “Оролцоо” төсөлд оролцогч ажил хайгч залуус, БНСУ-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж нутаг буцаж ирсэн иргэн, Гадаад улсад технологийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар эзэмшсэн иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүн, Нийслэлд оршин суугч ажил хайгч, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөгчдөд гар утасны “масс мессеж” үйлчилгээгээр дамжуулан урилга хүргүүлсэн байна. Өдөрлөгөөр үеэр ажил олгогч 51 аж ахуйн нэгж байгууллага 3359 нээлттэй ажлын байр танилцуулж, бүртгэл хийжээ. Үүнээс гадна Хөдөлмөрийн 15 хувийн бирж өөрт бүртгэлтэй нээлттэй ажлын байруудаа танилцуулав. Өдөрлөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь EPS төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн төвийн дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил олгогч топ аж ахуйн нэгж байгууллагууд, Хөдөлмөрийн биржүүд, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сүлжээ байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг 80 гаруй байгууллага дэмжин оролцож байна.