Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ээлжит чуулганын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Red Rock" хурал, амралтын төвд амжилттай зохион байгуулсан байна. Чуулганд төв ба орон нутгийн тухайлбал Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-уул , Дорноговь, Увс, Ховд зэрэг аймгуудын 30 орчим их, дээд сургууль, коллежийн 70 гаруй багш, оюутан, удирдах ажилтнууд оролцов. Мөн урилгаар спортын холбоод, байгууллага, МОХ-ны удирдлагууд оролцсон. Чуулганаар МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагааны тайланг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, хяналтын зөвлөлийн тайланг Мон-Алтиус БТДС-ийн захирал, хяналтын зөвлөлийн дарга М.Өсөхбаяр, 2022-2025 оны ажлын стратегийн зорилтыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ОСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МОСХ-ны дүрмийн шинэчилсэн найруулга, зохион байгуулалтын асуудлыг ХААИС-ийн захирал, МОСХ-ны дэд ерөнхийлөгч Т.Хэрүүга нар хэлэлцүүлэн, удирдан явуулав.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан, ерөнхий санал,шүүмжлэл явагдан төлөөлөгчид идэвхтэй оролцон, төгсөлд нь 11-н тогтоолыг батлан гаргав. Төлөөлөгчид МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагаа амжилттай явагдсан гэж санал нэгтэй сайшаан үзж, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилтыг тодорхойлсон байна. Мөн МОСХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав. Чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн МОСХ-ны Ерөнхийлөгчөөр, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгаланг сонгон батлав. МОСХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ХААИС-ийн захирал Т.Хэрүүгаг, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нарыг 2025 оныг хүртэл дөрвөн жилээр сонгов.
Удирдах зөвлөлд ЭТТ ХК-ийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайхан, ҮБТДС-ийн дэд захирал, ШУ-ны доктор Л.Гүндэгмаа, МУИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, Сити их сургуулийн ТУЗ-ийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, МУБИС-ийн БТС-ийн захирал Г. Энхсайхан, ШУТИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, “Аварга” БТДС-ийн багш Г. Ундрах, Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нарыг нэр дэвшүүлэн Чуулганы төлөөлөгч нарын дундаас сонгож баталсан байна.
Хяналтын зөвлөлийн даргаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, гишүүнд МУБИС-ийн профессор, гавьяат багш Л.Цэрэнсодном, Говь-Алтай АШУҮИС-ийн захирал М.Банзаагаяа нарыг сонгон батлав. Ийнхүү МОСХ-ны ээлжит VIII Чуулган 2020 оны 11 дүгээр сард явагдах байсан ч, ковидын улмаас нэг жилээр хойшлогдон ийнхүү үүргээ амжилттай биелүүлэн өндөрлөлөө. Чуулганы төгсгөлд “Монгол Улсын оны шилдэг оюутан тамирчин”-ны шагналыг гардуулан 2020 оны шилдэг тамирчнаар Ази тивийн оюутны шатрын онлайн тэмцээний хошой аварга, Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ, Э. Хулан, 2021 оны шилдэг тамирчнаар Азийн тивийн оюутны аварга шалгаруулах чирлидингийн онлайн тэмцээний мөнгөн медаль хүртсэн, ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Б.Шүрэнцэцэг нар шалгарч МОСХ-ны “Шилдэг оюутан тамирчин”-ны өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.