Монголын нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Намдагийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхэн дурсгалт өдрийн хүрээнд МУБИС-ийн багш Р.Чүлтэмсүрэнгийн бичсэн дурсамжийг толилуулж байна. Д.Намдагийн намтар, уран бүтээлийг олон жил судалсан тэрбээр “Д.Намдаг: Өөрийгөө билүүдэхийн учир” нэртэй номоо хэвлүүлэхэд бэлэн болгожээ. Түүний оюуны шинэ талхны нэгээхэн хэсгээс болгооно уу. Д.Намдаг гэдэг хүнтэй уулзчихсан мэт мэдрэмж төрүүлэхээр сайхан дурсамж өгүүлж, хүүхэд, залуучуудад нэрт зохиолчийг таниулахад том үйлс бүтээж буйд нь дахин дахин талархъя. Он цаг алсран одох ч Монголын түүхийг бүтээлцэхэд сэтгэл, оюунаа зориулсан агуу хүмүүсийн зам, мөр балрах учиргүйг Р.Чүлтэмсүрэн нарын эрдэмтэн, судлаач энэ мэт ном туурвилаараа харуулсаар байгаа нь бахархалтай.
Намдаг гуай бол их ухаантай хүн дээ. Монгол өвгөчүүд ямар догь байдаг билээ. Харахад хорчгор хөх өвгөчүүд. Монгол дээлтэй, хэт хутга, хөөрөг даалимба болсон, хээ шаагүй ч юм шиг. Цэвэр цэмцгэр, нуруу туруу ганагар номын бор гэлэнгүүд. Гаансаа сэтгэсэн. Ээтэн гутлынхаа хоншоорт гаансаа тогшин бодлогоширсон. Хөөрөгнийхөө халбагыг сугалж ядан үнэрлэж удаад ч байгаа юм шиг. Мөнгөн аягатай, хул тагштай цайгаа аажуу оочилж, ооч сахлаа имрэх, ухаалаг, жогтой харцаар цоо ширтэх энэ богино агшинд тэд хэчнээн их юмыг эргэцүүлж, хэлэх гэсэн үгээ цэгнэж, хэдэнтээ нягтлаад сая хүүрнэж эхэлдэг. Намдаг гуайд тийм монгол өвгөдийн шинж их харагддаг сан. Тамхиа орооно, томоо гэгч нь хэд хэдийг зэрэг ороогоод тавьчихна. Дараа нь татахад бэлэн болгож байгаа нь тэр. Ярьж байгаа хүн рүүгээ гал нь буураагүй цогтой нүдээр цоо ширтэнэ. Тэгснээ гэнэт давхийн босож, ташаа тулан ханхалзан алхана. Энэ хоромд л бүхнийг бодож амжиж байгаа нь илт.
-Мөн үү, хөө? хэмээн хэлсэн үгээ батлан асууна.
-Болоод л явчихлаа гэж өөрийн болоод бусдын үг, санааг урамшуулан сайшаана. Эргэлзээтэй асуулт, хоржоонтой явдал, хариулахад төвөгтэй цаг тулгарахад яаран сайн, муу хэмээн туйлшран хариулж, үг, барьц алдахгүй.
-Тийм ч биз, үгүй ч биз хэмээн хариултаас хөөрхөн мултарна.
“Эмс хүүхнүүд цугларахаараа голдуу тулга тойрсон хов жив ярьдаг. Эрчүүд цуглахаараа гэр тойрсон юм хүүрнэдэг улс шүү” гэж байгаад яриагаа хөгжөөнө. Хүн голохгүй ярьж, мэдэхгүйгээ мэдэж, мэдсэнээ бусдад хэлж, урам авдаг хүн. Ялангуяа уран бүтээлч хүнд сайхан яриа хөөрөө шиг тустай юм хаана байна. Тэр чинь шинжлэх ухааны хэлээр бол бие биенээ нөхөх зарчим юм л даа гэнэ. Намдаг гуайн яриа нэг л тос даасан, хачин их ухаалаг, мэргэн цэцэн, сэтгэлд үлдэцтэй, монгол өвгөдийн хууч хөөрөх, сайхан ярих-хүүрнэхийн үлгэр байдаг сан. Ер нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ухаантай саруул хүний яриа цаанаа л нэг өөр, цэгцтэй, уран, элдэв дэмий сул үггүй байдаг даа. Тийм ч учраас монгол хүн хүнтэй мэнд амраа мэдэлцээд, гаанс, хөөрөг солилцож, цай оочлон, идээ цагаа болж, агаар ус, нутаг бэлчээр гэх мэт хэд гурван үг солиод л уулзсан хүнийхээ байр байдлыг нь, үг яриаг нь сонжих төдийд тэр хэн бэ гэдэг нь ёстой тавхан үгэндээ танигддаг гэж өтгөс дээдэс маань хэлж сурган, ардын дуундаа хүртэл дуулан сануулж ирж дээ. Намдаг гуайн сайхан яриа хөөрөө, ухааны царыг уулзаж учирч байсан хүн л илүү мэднэ.
“Намдаг гуай: -Манай Өвөрхангайнхан ухаантай, тийм ээ?
-Тийм ээ.
-Би ухаантай, чи ухаантай, тийм ээ?
-Тийм ээ.
-Тэгэхдээ би арай илүү ухаантай, тийм ээ?
-Тийм ээ.
-Тэгвэл ингэдэг хэрэг… гээд л учраа хэлэх бөгөөд би бага ухаантай нь ёсоор болгохоос аргагүйд хүрнэ гэсэн үг. Намдаг гуай үнэхээр суут ухаантай хүн. Зохиолын драматизм гэдэг үйл явдлын өрнөлийг маш эгзэгтэй бодож олдог, түүнийгээ дүрийн хөгжил хувьслын ээдрээнд товойлгон урлаж чаддаг манай үеийн жүжгийн хамгийн том зохиолч” гэж Дэндэвийн Пүрэвдорж (2000) гуай дуу алдан өгүүлсэн билээ. Д.Пүрэвдорж гуайн өгүүлснээр “Д.Намдаг гуай өөрийгөө ухаантай гэсэн нь Москвад М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхдаа нутгийнхаа дүү, яруу найрагчийг ойр зуурт зарахаар хошигносон шог үг нь. Түүнээс бус Д.Намдаг гуай хэзээ ч өөрийгөө ухаантай гэдэггүй даруу хүн байсан. Харин хууччуул сайчуудыг дандаа тийм нэг ухаантан гэж хүндлэн дурсаж байдаг сан. Харин бусад хүн түүнийг ухаантан хэмээн биширдэг”.
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн (1994) агсан “Намдаг гэдэг хүний хар ухаан гэж ярьдаг бичдэг болж. Миний багш жирийн нэг хар ухаантай хүн төдий биш, нэн өндөр боловсролтой их хүн. Тэртээд туурвисан багшийн минь уран бүтээл өнөөдөр ч шавь нарынхаа бүтээлээс хавьгүй өндөр түвшинд байна. Намдаг багш мөн ч олон хүний амьдрал, уран бүтээлийн үндэс суурийг тавьж өгсөн дөө. Намдаг гэдэг тэр нэгэн суут хүний давтамж гэж энэ ертөнцөд байж болохгүй, байх ч ёсгүй байх. Донровын Намдагийн дайтай хүн төрөөгүй л байна. Багшийгаа худал хуурмагаас өмөөрөх, хамгаалах цаг нэгэнт болжээ гэж боддог. Түүнийг минь мартаж мэдэх янзтай. Ёстой дэмий байлгүй” гэж дурссан бол Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Монголын хүүрнэл зохиол болон жүжгийн зохиолд үүрийн цолмон мэт гялалзсан, яруу найрагт бол цөөн боловч содон сонин шүлэг, дуугаараа түмний сэтгэлийг булааж чухамхүү “Тогос хээр” мэт магнайлан түрүүлж ирээд бахардан унасан мэт сэтгэгдэл төрүүлдэг эрин цагийн их зохиолч Намдаг гуайг зүрх мартахын аргагүй билээ…” гэсэн байдаг.
Д.Намдаг зохиолчийн шавь Дарма Батбаяр (2007) агсан “Миний хувьд гэнэн цайлган, гэгээн тунгалаг цагтаа учирч, эрдэм ном, ухаан, сэлтийнх нь их буянаас хүртсэн болоод ч тэр үү, эрхэм бүхнээс нь эрхэм нь надад Д.Намдаг багш л байдаг юм. XX зууны Монголын зохиолчдын дотор Д.Намдаг багш шиг гайхамшигтай амьдрал туулж, түүнтэйгээ эн зэрэгцэхүйц гайхамшигтай сайхан зохиол бүтээл туурвисан зохиолч ховор. Ховрын шалтгаан нь төрөлхийн авьяас, заяагдмал ухаан, туулахуйяа бэрх зовлон туулсантай нь холбоотой байх хэмээн би боддог” гэж багшаа дурссан байдаг юм.
Яруу найрагч Дөнгөтийн Цоодол “Ч.Лодойдамба гуай шиг эгэл, баясгалантай тэгээд гүнзгий бичих, Д.Намдаг гуай шиг урлаж, амьдралыг нээж, яргаж бичих нь… давдаг даваа биш ээ”. Д.Намдаг зохиолчийг Монголын аль сор зохиолчид тийнхүү үнэлж, дурссан байдаг. Олон уран бүтээлч намтар, уран бүтээлийг нь судалж, үнэлж, эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл, шүүмж, нэг сэдэвт зохиол, дурсамж, тэмдэглэл, ярилцлага бичиж хэвлүүлсэн нь ч бий.
Нэрт зураач В.Одгийв (2012) гуайтай уулзан ярилцахад Д.Намдаг гуайн талаар олон шинэ мэдээлэл хүүрнэсэн юм. Тэрбээр одоогийн Завхан аймгаас Өвөрхангай руу нүүсэн нүүдлийн тухай өгүүлэхдээ: -Манай ээжийн эхийн хамгийн бага хүү ачаанд явсан гэсэн байх. Нүүж яваа улс цуваад л явдаг байж. Гэтэл нэг өдөр тэд явж байтал дуу шуу болоод хашхиралдаад сүйд майд болоод явчихаж гэнэ. Тэгэх нь ээ, Намдагийн эхийн унаад, ачаа хөтөлж явсан морины доороос дэрс бутан дотроос гэнэтхэн нэг туулай гараад харайчихсан чинь их номхон морь нь бусгажээ. Хэвлийдээ долоон сар гаруйтай үрээ тээж явсан Намдагийн эх мориноос унажээ. Тэгээд л уйлаан сандраан болж, ойролцоо мал тууж явсан Банди, Донров нар ч давхиад ирж гэнэ. Ингээд нүүх аргагүй горьгүй болсон тул сандарч тэр хавьд ус байна уу. Горьгүй болчихлоо. Авгай нь ч орилж чарлаад, өвдөөд. Гэр бараагаа барья гээд бууцгаажээ. Тэгээд гэр орноо барьтал долоон сар гаруйтай жирэмсэн эхнэр нь нярайлсан гэнэ. Тэгж л Намдаг 1911 онд хээр төрсөн гэдэг. Манай өвөг эцэг “За даа, энэ гарсан хүүхэд ч удахгүй дээ, удахгүй. Хөхөө идэхгүй, дуу чимээ байхгүй, өнгөрлөө” гэж бодож байсан гэнэ. Хүний эх юм болохоор уйлаад сүйд майд байж. Тэгээд тэр буусан газартаа тав зургаан хоног болоход нөгөө хүүхэд нь үхдэггүй, нэг л юм байгаад байдаг. Хөхөө ч иддэггүй байсан гэнэ. Хий л сүүгээ сааж аманд нь дусаадаг байжээ. Гэтэл долоо дахь хоногийн өглөө бөөн дуу шуу болоод явчихжээ. Хээр отрын маягтай овоохой шиг юм бариад хаяа дэрлэсэн гэрт дуу чимээ ч содон байсан юм биз. Гэтэл эх нь хүү маань мээмээ хөхлөө гээд бөөн баяр. Тэгэлгүй ч яах вэ. Бүгд л баярлаад л. Тэгээд тэд дутуу төрсөн хүүхдээ харж, нярай эхийн биеийг асран, тэндээ тав, зургаа хоног болоод, зургадугаар сарын хорьд гаргаад хүүхдээ аюулын болгоод, амь бөхтэй юм гэсээр цааш нүүж, одоогийн Өвөрхангайн Тарагт сумд Цэцэнгийн хөвд ирж буудаллан, ах, дүү нартайгаа уулзсан гэдэг юм…
Ц.Дамдинсүрэн гуай чинь олон хүнийг шоронгоос чөлөөлсөн буянтан. Тэр их сонин түүх… 1940-өөд онд Зөвлөлтийн “Правда” сонин жигтэй сайхан гардаг байлаа. Өгүүллэг, найруулал, уран зохиол ч хэвлэгдээд л. Орос хэлтэй бид дуртай уншдаг. Харин манай “Үнэн” сонин урагшаа явдаггүй ээ. КУТВ төгссөн хагас дутуу мэдлэгтэй хэдэн хүн орой дээр нь суучихаад салж өгдөггүй. Тэгээд “Үнэн” сониныг яаж “Правда” шиг сайн болгох вэ гээд бүр Улс төрийн товчоо хуралдаад Ц.Дамдинсүрэнд л өгөхөөс өөр зам алга гээд түүнийг дуудаж ирүүлээд:
-Яаж “Үнэн” сониныг өөд татах вэ гэж саналыг нь асуужээ.
Тэгээд маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Дамдинсүрэн гуайд “Дуртай хүнээ шилж сонгоод сониндоо ав” гэжээ. Гэтэл Дамдинсүрэн гуай:
-Уг нь ч дээрдүүлж болмоор байна л даа гэснээ хулгаад байна гэнэ.
-Үгүй, чи дуртай улсаа аваад хамт ажилла л даа. Авъя гэсэн хүнийг чинь өгье. Яагаад хулгаад байгаа юм бэ. Нэрийг нь хэл гэхэд нь “Чадах улс ч бий л дээ” гээд их цэвэрхнээр “Тэд голцуу хориотой, өөр ажил хийж байгаа болохоор би хэлж чадахгүй байна аа” гэтэл Ю.Цэдэнбал маршал руу хараад:
-Та л мэдэх хэрэг байна даа гэжээ. Тэгээд маршал “Нэрийг нь хэл” гэхээр нь Ц.Дамдинсүрэн гуай бодож бодож “Их чадвартай, орос хэлэнд гаргууд долоо, найман, хүн одоо шоронд байна. Самбуу гэж айхтар сайн орос хэлтэй хүн бий. ДЯЯ-нд насаараа ажилласан, орчуулагч байсан муу хазгар Даш байна. За, тэгээд КУТВ төгссөн сахал Банзрагч, бас Намдаг зохиолч байна. Муу Шолоон Жамбалсүрэн гээд байна л даа. Яая даа байз. Бүгдийг нь нэг дор хэлэхээр халуун байна” гээд гурав гурваар нь цувуулж хэлье. Эхний ээлжид гурван хүний нэр хэлье. Тэгээд ажил төрлөө харж байгаад дараагийн гурван хүнээ авъя. Тэгээд гурав гурваар нь ахиулж есөн хүн болгоё” гэж бодоод эхлээд ДЯЯ-ны Даш, Самбуу, зохиолч Б.Ринчен гурвын нэрийг цаасан дээр бичээд өгчээ. Маргааш өглөө нь тэд хүрээд ирсэн гэдэг. Энэхүү түүхийг “Хүжийн гал” өгүүллэгийг зохиогч Л.Бадарч 1941 оны намар бил үү, надад ярьж өгсөн юм. “Ц.Дамдинсүрэн гуай мөн ч сэргэлэн, ухаантай, “зальжин” хүн байсан шүү” гээд тэр ярьдаг сан. Ингээд 1920-иод онд Ардын намын анхны хурал болсон хоёр давхар дүнзэн байшинг Ц.Дамдинсүрэн гуай авч “Үнэн” сониныг оруулаад, эхний гурван хүнээ авч, хэдэн сарын дараа удаах гурваа авсан гэдэг. Хоёр дахь удаад нь Намдаг гуайг авчээ. Ц.Дамдинсүрэн гуай Намдагийг “Үнэн” сониндоо ажиллуулна гэж шоронгоос гаргуулаад нэг жил болсны дараа театрт шилжүүлнэ гэж байсан талаар тэрбээр хуучилсан юм.
Д.НАМДАГИЙН УРАН БҮТЭЭЛД ХАНДАХ УХААН
Д.Намдаг гуайн урлаг, уран зохиолд хандах ухаан нь түүний хэлсэн сэцэн мэргэн үг, ончтой санаа-афоризмд нь шингэсэн байдаг юм. Энэ удаа элдэв дүгнэлт хийлгүй хэлсэн үгийг нь уншигч та бүхэнд шууд дамжуулах нь илүү амттай байж магадгүй.
Д.Намдаг зохиолч өгүүлсэн нь:
•Авьяас гэдэг нь тийм гэж хэлж боломгүй маш олон талын нийлбэр юм. Авьяасыг өндөр хэмжээнд хүргэх нь дээрх нийлбэрт багтах зүйл бүрийг хөгжүүлэхэд оршино. Зохиолч хүн өөртөө хэрэгтэй бүхнийг хуримтлуулан хурааж аваад түүнээ урлаг, уран зохиолын аль нэг төрөлд нээн харуулах ёстой. Гэтэл гэнэн томоогүйчүүд гаднаас хураан хуримтлуулах байтугай өөртөө байгаа жаал зугаа авьяасаа төрөл бүр лүү цацаж, хэн ч биш болоход хүрэх юм.
•Залуу авьяастнууд зохиолоо гоёчлох, үгээр гангалах юм уу, романтик юм хөөцөлдөөд байх юм. Энэ бол амьдралыг судлах нь хоцрогдож байгаагийн шинж. Үгээр гангалах хугацаатай юм шүү.
•Авьяастныг олж сонгох хэцүү. Олоод авлаа гэхэд тэд чинь түүхийгээрээ. Тиймээс сургах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Эвийг нь олж, зөв чиглүүлэхгүй бол хаашаа ч ургаж, ямар ч эвэртэй болж мэднэ.
•Хүний авьяас нүүрэндээ бичээстэй байдаггүй. Яван явсаар ихэвчлэн шалгардаг юм. Тэгэхлээр зөв л сургавал тодроод ирнэ. Тодорсон авьяастныг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй.
Энэ мэт олон мэргэн үг бий. Түүнтэй ярилцсан нэг тэмдэглэлээ дор өгүүлье.
1983 оны аравдугаар сарын 19.
Д.Намдаг гуай өгүүлрүүн:
“Зохиол бичихдээ энэ дайсан гээд муулахгүй ээ. Дайсагнаад байгаа шалтгааныг нь гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөө өөрөөсөө гарч ирэхээр бичих ёстой. Жүжгийн зохиолч хүн дүр бүртээ хайртай байх хэрэгтэй. Үүнийг Оросын театрын нэрт найруулагч К.С.Станиславский (1863-1938) хэлсэн юм шүү. Хамгийн сүүлд би хэлж байна. Манайхан одоо феодал ноёд гэхлээр л тэнэг, ухаан муутай, харгис гээд л хамаг муу муухайгаар ойлгодог. Ингэж ноёд, баян хүн, хутагт хувилгаад нарыг муулахын дээдээр муулж бичсэн бол уран зохиол биш. Тэр ноёд, лам нар, хутагт хувилгаад чинь хүн. Хүн хүндээ ухаантан. Би “Хярааны хонхор” жүжигтээ ухаантай ноён, түшмэдийн дүр гаргах гэж их хичээсээн. Өнөөдөр чамд би хүний мөн чанар, дүр бүтээх нэг нууцын тухай ярьж өгье. Энэ бол хүн гэдэг гурван давхар хальстай байдаг тухай “онол” юм. Үүнийг би олон жил ажиглаж мэдлээ. Олон ч зохиолдоо, дүр бүтээхдээ хүний тэр угуул муу, сайн зан чанарыг аль болох гаргах гэж хичээсэн. Энэ талаар ч түрүү түрүүчийн шавь нарт бишгүй л нэг хэлж ярьж санаа аваасай гэж хүсэж байлаа. За чи сонс. Аливаа хүнийг нэвт шувт харвал гурван давхар “хальстай” байдаг юм. Хамгийн гадна талын хүний нүдэнд ил харагдах хальсыг нэгдүгээр хальс гэе. Энэ хальс аюултай. Хүн харахад голдуу сайхан, эелдэг байдалтай, дарга, баян хүн харвал малилзтал инээсэн, голдуу сайн, сайхан харагдах, амьдрах арга ухаандаа тааруулсан хиймэл, зохиомол дүр эсгэсэн хальс байдаг юм. Ийм хальсанд хууртвал ханиа сонгох, анд нөхөр, “дайснаа” таних, албан тушаал дэвшүүлэх гээд олон юманд алдана даа! Хоёр дахь хальс бол хүн гэгч мөн чанараа, чин сэтгэлээ дэлгэх үед үнэн зөв харагдана шүү дээ. Нөгөө их хиймэл зан ааштай “сайхан” хүн чинь ажил дээрээ, дарга нартаа хайлсан тугалга шиг харагдаж байснаа гэртээ авгай, хүүхдээ хяргачих шахна. Айлд намар шиг байсан хүн чинь гэртээ хахир өвөл, тарчиг хавар шиг болно. Эрүүл саруул, баян тарган байхад чинь хойно урд чинь гүйж байснаа өвдөж шаналаад ирвэл эргэж тойрох байтугай үзэгдэж харагдахаа байна. Одоо гуравдугаар хальсыг нь сөхөн харъя. Ёстой нэг жинхэнэ царай нь харагдана даа, хө. Хэн нэгнийг аргадаж, сайхан царайлж элдэвлэж байгаад хэрэг үйлсээ бүтээгээд л шууд нүүрээ цааш харуулах гэх мэтээр илэрнэ. Тийм гайхал өнөөдөр хүний хүчээр хүссэн ажлаа амжуулсан ч эргээд ач тусыг мартах нь хожмын үйлс нь хазгай болохын ёр болдог юм. Ийм л зан ааш, хүний мөс чанарыг жүжиг, уран зохиол уудалж, сайнаар юм уу, саараар дүрслэн бичдэг юм” гэж билээ.
Энэ мэт Д.Намдагийн амьдрал, Германд суралцсан, шоронд өнгөрөөсөн он жилүүд, зохиол бүтээлээ хэрхэн бичсэн туурвил зүйн онцлог, түүний эх бичвэр, уран бүтээл, намтрынх нь 100 жилийн товчоон, судалгааны ном зүй зэрэг шинэлэг, ховор баримт, шинэ дүгнэлтийг уншигч та бүхэн удахгүй хэвлэгдэх номоос минь унших болно.
МУБИС-ийн багш, доктор, профессор Р.ЧҮЛТЭМСҮРЭН