Хсөхог ангилж хаяхад зориулсан янз бүрийн сав нийслэлд цөөнгүй харагдах болсон. Хэлбэр, хийц өөр ч хэмжээ болон хэрхэн ангилах тухай зөвлөмж нь нэг аж. Гэр, байшин хорооллуудыг хэсэгчлэн “нэг гар”-ын бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь илт. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулсан юм.
2017 онд Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан тус албанаас гаргасан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хүрээнд энэ ажлыг удирдан чиглүүлж буй юм байна. Олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, судалгаа явуулах зэрэг шат дараалсан алхмуудын явцад уг журмын хүрээнд хогийн сав хийж турших, санал солилцох иргэд, байгууллагуудтай тус албаныхан хамтарч ажиллан, удирдамжаар хангасан юм байна. Анх сайн дурын залуусын нэгдэл байснаа “Ангилдаг хогийн сав” нэртэй үйлдвэр байгуулсан санаачлагчдаас авхуулаад “Азметалл”, БЧГ зэрэг хэд хэдэн байгууллага өдгөө дүүрэг, хорооллуудыг энэ төрлийн хогийн саваар хангадаг болжээ. Тэд ямар сав хийснээ болон аль СӨХ-ны захиалгаар хаана байршуулснаа Захирагчийн ажлын албанд бүртгүүлдэг гэнэ. Энэ төрлийн ажилд гаршсан Б.Төмөрдалай гэдэг иргэн ийм хогийн савын хажууд хувцасны тор бэхэлжээ. Хэрэгтэй хүмүүс нь авч болохоор эдэлгээтэй хувцсыг эл уутанд хийж болох аж.
Өнгөрсөн хугацаанд Захирагчийн ажлын албанаас судалгаа явуулахад Улаанбаатар хотын оршин суугчдын 87 хувь нь хэрвээ зориулалтын сав байвал хогоо ангилж хаяна гэж хариулсанд үндэслэн ажил зохион байгуулж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч байна.
Бэлтгэсэн Р.Оюунаа