“Оролцогч талуудын бага хурал 26” буюу СОР26 хэмээн нэрлэгдсэн олон улсын байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх хуралд 100 гаруй орон оролцлоо. Ингээд эхний ээлжид цөлжилт, ой мод устгахтай тэмцэх асуудлаар санал нэгдэв. Цаашид ч талууд энэ талаар бусад тохиролцоонд хүрэх шинжтэй байна. Бас саяхан нэг өөр “Оролцогч талуудын бага хурал” болсон. Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хүрээнд бий болгосон Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн оролцогч талуудын COP9 хэмээх нэртэй бага хурал болсон ба үүнд мөн 100 хэмээх бэлгэ тэмдэгтэй тоо дурдагдсан байна.
Уг “Оролцогч талуудын бага хурал” буюу COP9-тэй холбогдуулан дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт ажилладаг 100 эмч, мэргэжилтэн 2021 оны аравдугаар сарын 18-нд тус бага хурлын төлөөлөгчдөд зориулан нээлттэй захидал ирүүлсэн бөгөөд тамхины хор нөлөөг бууруулах асуудлаар илүү идэвхтэй байр суурь баримтлахыг ДЭМБ болон конвенцод нэгдэн орсон улс орнуудад хандаж уриалга гаргасан. Тус захидалд “ДЭМБ нь тамхи орлох бүтээгдэхүүн буюу халаадаг, утаагүй тамхи, хүлхдэг никотин бүхий бүтээгдэхүүн, мөн цахилгаан тамхи буюу никотинтой ууршуулагч зэргийг хэтэрхий зохицуулж, өндөр татвар ногдуулах замаар хориглож буй нь үндэслэлгүй бөгөөд шинжлэх ухааны судалгаа, үр дүнг харгалзаагүй явдал болжээ” гэж дурдсан байна.
Түүнчлэн тус захидалд Тамхины хяналтын суурь конвенцод нэгдэн орсон улс орнуудад зориулан долоон асуудлыг хөндөж гаргасны зэрэгцээ зургаан зүйлийн зөвлөмж өгчээ. Дээр дурдсанаар тамхины талаарх бодлогыг орчин үеийн нөхцөл байдалд зохицуулан өөрчлөхийг ДЭМБ-аас шаардав. Мөн Тамхины хяналтын суурь конвенцод тамхины хор хөнөөлийг багасгах зарчмыг тусгах талаар эрдэмтэд, мэргэжилтнүүд голчлон шаардсан байна.
Тус захидлаас эш татвал “…Дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс үүдсэн нас баралтын ихэнх хэсгийг янжуур болон бусад уламжлалт тамхины хэрэглээ голчлон эзэлж байна. Утаагүй, никотин бүхий бүтээгдэхүүн нь тамхи татах явдлаас үүсдэг хор хөнөөлийг харин ч багасгах ирээдүйтэй арга зам мөн юм. Утаагүй бүтээгдэхүүн нь янжууртай харьцуулахад хор хөнөөл маш бага бөгөөд хувь хүмүүсийн төдийгүй хүн амын түвшинд тамхины хэрэглээг бууруулах боломж бүрдэх талаар үндэслэл бүхий нотлох баримтууд байна. Ийнхүү тамхины зах зээлийг өндөр эрсдэлтэйгээс бага руу бууруулах боломж бий атал ДЭМБ үүнийг үл тоомсорлож, харгалзаж үзэхгүй байгаа нь харамсалтай. Тамхинаас үүдэлтэй нас баралтын тоог олон саяар бууруулж, зайлсхийх боломж бүхий олон нийтийн эрүүл мэндийн стратегиас ДЭМБ үндсэндээ татгалзаж байна” гэжээ.
Түүнчлэн мэргэжилтнүүд гишүүн улс орнуудын зохицуулагчдын хувьд анхаарвал зохих хэд хэдэн үндэслэлийг гаргаж тавьсан байна. Ялангуяа тамхины хор хөнөөлийг багасгах асуудал нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад дорвитой нөлөө үзүүлэх боломж бөгөөд e-cigarette буюу электрон янжуур нь тамхинаас гарах, тамхи татах явдлыг зогсоох гол хүчин зүйл болж байна гэж дурджээ. Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд тамхины хор хөнөөлийг бууруулах явдал нь томоохон хувь нэмэр оруулах юм. Тогтвортой хөгжлийн зорилгод дурдсанаар 2015 онтой харьцуулахад 2030 он гэхэд халдварт бус өвчнөөр хэт эрт нас барах явдлыг 33 хувиар бууруулна гэж заасан байдаг.
Олон орны зохицуулагчдаас хийсэн судалгаа, үнэлэлт дүгнэлт болон зарим улсын туршлагаас харахад, халаадаг тамхин бүтээгдэхүүн хэрэглэх нь үр дүнтэй, ашигтай гэдгийг баталж байна. Тухайлбал, АНУ-ын Хүнс ба эмийн агентлагаас “Энэ нь олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад зохистой бүтээгдэхүүн ба хор хөнөөлтэй бодис хэрэглэх явдлыг үлэмж хэмжээгээр багасгаж буй. Тиймээс цаашид олон нийтийн эрүүл мэндийг сайжруулахын тулд сурталчлах нь зүйтэй” гэж дүгнэсэн. 2005 оноос халаадаг тамхин бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд нэвтрүүлснээс хойш тамхи татах явдал тус улсад маш эрчимтэй багассан. Зах зээлийн мэдээлэл, судалгаанаас харахад 2015-2020 онд тус улсын зах зээлд борлуулсан нийт янжуур болон нарийн ширхэгтэй тамхины борлуулалт 40 хувиар буурчээ.
Цахилгаан янжуур болон халаадаг тамхин бүтээгдэхүүнийг хязгаарлах, хориглох талаар санал дэвшүүлэх нь харин ч сөрөг үр дагавартайг бодлого боловсруулагчид ойлгох ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь тамхинд хяналт тавьж, хор хөнөөлийг багасгах асуудал нь олон нийтийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн байх ёстой. Тамхинаас гарах сонирхолтой олон сая хүний хувьд эдгээр бүтээгдэхүүн нь никотин хэрэглэх замаар хор хөнөөлтэй бусад бодисыг биедээ шингээхээс зайлсхийх маш чухал арга зам юм. Тус захидалд мөн тамхины хяналтыг хэрхэн сайжруулах талаар үндэслэл бүхий зарим зөвлөмжийг өгчээ. Жишээлбэл, Тогтвортой хөгжлийн зорилтын эрүүл мэндийн салбар дахь тодорхой зорилгууд, тухайлбал, халдварт бус өвчнийг бууруулах талаар тавьсан стратеги, зорилтыг хэрэгжүүлэхэд тамхины хор хөнөөлийг багасгах нь нэг үндсэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь байх ёстой. Цаашид тамхины хэрэглээг багасгах, тэр ч байтугай хориглох талаар гаргаж буй бодлогын саналууд нь төлөвлөөгүй сөрөг үр дагавар үүсэх магадлалтайг харгалзан үзэх шаардлагатай. Тухайлбал, хэчнээн хязгаарлаж хориглох тусам тамхи татах нь ихсэх, мөн бусад сөрөг үр дагавар гарах боломжтойг харгалзаж үзэх нь зүйтэй.
Аль ч улсын Засгийн газар Тамхины хяналтын суурь конвенцын 5.3 дахь заалтыг тамхины салбарын зүгээс явуулдаг сөрөг арга хэмжээтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх нь зүй тэй. Харин олон нийтийн эрүүл мэндэд хэрэгтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэхэд хориг тавьж, эсхүл шинэ бүтээгдэхүүний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, ашигтай болохыг баталсан мэдэгдэл, судалгааг олон нийтэд танилцуулахгүй байх зэрэг үр дагавартайг анхаарч үзэх нь зүйтэй.
Мөн эмч, мэргэжилтнүүд Тамхины хяналтын суурь конвенцын хүрээнд хийх цаашдын яриа хэлэлцээрийг тамхины хор хөнөөлийг багасгах өнцгөөс нь харж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сонирхогч бүх талыг хамруулах нь зүйтэй гэж зөвлөжээ. Тухайлбал, хэрэглэгчид, олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, мөн уламжлалт тамхины үйлдвэрлэгчид шинээр боловсруулж гаргасан бүтээгдэхүүнтэйгээ холбоотой мэдээллийг хуваалцахын тулд ийм мэдээлэлтэй бизнесийн байгууллагуудыг хамруулах нь зүйтэй гэсэн байна.
Эцэст нь мэргэжилтнүүд дүгнэхдээ “Дэлхий нийтийн тамхины талаарх бодлогыг цаашид үүний хор хөнөөлийг багасгах арга хэмжээний томоохон боломжийг ашиглахад чиглүүлэх нь зүйтэй. Олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинжлэх ухааны байгууллагууд, бодлого боловсруулагчид, мөн хор хөнөөлийг багасгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтнүүд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх нийтлэг зорилтдоо анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэжээ. Ингэхдээ тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийг дэлхий нийтээр бууруулах, мөн эрт нас барах явдлыг зогсоох талаар аль болох хурдан шуурхай бөгөөд оновчтой арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээсэн байна.
Монгол Улс 2003 онд Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн. Тус конвенцын 33.5 дугаар зүйлд заасны дагуу гишүүн орон бүр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой билээ. 2013 онд улсын хэмжээнд явуулсан гурав дахь судалгааны дүнгээс харахад Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын гуравны нэг нь тамхи байнга хэрэглэдгийг тогтоожээ. Үүний дотор хоёр эрэгтэй тутмын нэг, таван эмэгтэй тутмын гурав нь тамхи татдаг болохыг тогтоосон байна. Халдварт бус өвчний эрсдэлийн хүчин зүйлийн талаарх энэхүү судалгааг дөрөв жил тутам явуулдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр тамхинаас гарах сонирхолтой, үүнийхээ төлөө оролдлого хийж буй хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх концепцыг Монгол Улсад хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Жишээ нь, тухайн иргэнд тамхинаас гарах боломж тэр бүр олдохгүй байгаа бол эмчилгээ болон бусад дэмжлэгийн арга хэмжээ авах нь зүйтэй. Тамхины хамгийн хэцүү асуудал нь түүний орцод ордог маш их хортой бодисууд юм. Никотин нь хорт хавдар үүсгэдэггүй, мөн амьсгалын замын болон зүрх, судасны системд хордлого өгдөггүй бүтээгдэхүүнд тооцогддог. Гэсэн ч донтуулах, түүнээс хамааралтай болох үр дагавартай бодис. Уламжлалт тамхинаас аль болох бага хор хөнөөлтэй бүтээгдэхүүн хэрэглэх, улмаар никотиноос аль болох бага хамааралтай болоход нь Монгол Улсын Засгийн газар иргэддээ тусалж, дэмжих чиглэлээр ажиллах ёстой болж байна. Зах зээлд шинээр гарч ирж буй тамхин бүтээгдэхүүнүүд нь хууль бус биш, ямар нэгэн байдлаар хориглоогүй юм.
BBC агентлагийн мэдээлснээр Английн Үндэсний эрүүл мэндийн албанаас электрон янжуурыг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрч, улмаар хүн амыг тамхинаас татгалзахад туслах бодлого баримталж байгаа ажээ. Мөн Британийн Эмнэлгийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг нь тамхин бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шинэ бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлэхийг уриалж байна. Өөрөөр хэлбэл, Британи электрон тамхийг эм, эмнэлгийн бүтээгдэхүүн гэж үзэн, дэлхий дахинд санал болгосон анхны улс болох нь. Тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Үндэсний эрүүл мэндийн албанаас санал болгосноор электрон янжуур хэрэглэх тусгай зөвшөөрөл олгох нь тамхидалтыг бууруулах маш чухал арга хэмжээ болно” гэжээ. Монгол Улсад 2007 оны арванхоёрдугаар сарын 21-нд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль баталсан. Мөн 2018 оны аравдугаар сарын 3-нд Засгийн газрын 291 дүгээр тогтоолоор Тохирлын үнэлгээ заавал хийлгэх бараа, үйлчилгээний жагсаалт болон Тохирлын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нэвтрүүлэх, хилээр гаргах журам баталсан билээ. Дээр дурдсан хууль болон журмын хүрээнд шинээр зах зээлд нэвтрүүлж буй тамхин бүтээгдэхүүнийг техникийн зохицуулалт болон үндэсний стандартаар нэн яаралтай зохицуулах шаардлага байна.
Тамхины хяналтын суурь конвенцод зааснаар хор хөнөөлийг багасгах гэдэг нь тамхины хяналтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ийм учраас тамхины хяналтын бодлогын хүрээнд шинэ бүтээгдэхүүнүүдийн талаар судалгаа хийж, хор хөнөөлийг бууруулах стратеги болгон нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын зах зээлд дээр дурдсан шинэлэг бүтээгдэхүүнүүд аль хэдийн нэвтэрсэн. Мэргэжилтнүүдийн хэлснээр технологийн өнцгөөс харвал эдгээр бүтээгдэхүүнийг уламжлалт янжууртай харьцуулахад утаа байхгүй, шаталт явагддаггүйгээрээ онцлогтой юм билээ. Олон улсын хэмжээнд эдгээрийг никотин бүхий бүтээгдэхүүн, тухайлбал, халаадаг тамхин бүтээгдэхүүн, никотин бүхий хүлхдэг бүтээгдэхүүн, никотин бүхий шингэн гэж тодорхойлж байгаа. Эдгээр нь уламжлалт бүтээгдэхүүнээс хор хөнөөл багатай тул тамхинаас гарах боломжит хувилбар гэж үзэж буй аж. Тиймээс эдгээрийг тамхин бүтээгдэхүүн гэж байгааг зогсоож, “Никотин бүхий бүтээгдэхүүн” хэмээх шинэ ангилалд багтаах шаардлагатай. Мөн татвар хэт их ногдуулахаас зайлсхийх замаар утаат тамхины хэрэглээг багасгах шаардлагатай билээ. Олон улсын туршлагаас харахад ч уламжлалт тамхитай харьцуулахад никотин бүхий бүтээгдэхүүнд ногдуулах онцгой болон бусад татвар, хураамжийг нэлээд доогуур тогтоодог байна.