Налайх дүүргийн III хороонд Л.Тодгэрэлийнх гэж долоон ам бүлтэй айл оршин сууж байна. Гэргий Б.Дэжид нь бага ангийн багш мэргэжилтэй ч өдгөө гэртээ хүүхдүүдээ харан, өрхийн аж ахуй эрхлээд 10 орчим жил болжээ. Хашаандаа төмс, хүнсний болон нарийн ногоо тарьж өөрсдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ зах зээлд нийлүүлж буй Л.Тодгэрэлийнд өнгөрсөн пүрэв гарагт очсон юм. “III хорооны гэр хорооллуудын хамгийн урд талд, тоосгоны үйлдвэрүүдийн арын гудмаар ороход л тод ногоон дэлгүүртэй хашаа бий, андашгүй” гэж эзэд нь гэрээ заав. Үнэхээр л хүнсний ногооны зургаар чимэглэсэн, “Монгол ногооны худалдаа” гэсэн хаягтай төмөр чингэлэг бүхий дэлгүүртэй хашааг бид төвөггүй олсон. Мөн “Хонх дарж үйлчлүүлнэ үү” гэж дааман дээрээ бичжээ. Тэднийх гурван айлын буюу 0.21 га орчим талбайтай хашаандаа дөрвөн хүлэмжтэй, хэсэг хэсэг болгон зурвасласан ногооны талбайтай бөгөөд нэлээн том хэмжээтэй нүх ухан зоорь хийх бэлтгэл ажлаа хангажээ. Чулуу, шороо буталдаг автомат, авсаархан өрөм ашиглан, гараараа ухсаар хоёр метр гаруй гүн, 7-8 ам метр талбайтай нүх ухсан нь энэ юм байна. Болж өгвөл 20-30 тоннын багтаамжтай зоорь хийн, бусад айл, аж ахуйн нэгжийн ургацыг хадгалж орлого олох зорилготойгоор өнгөрсөн хавраас ажлаа эхлүүлжээ.
Б.Дэжид хөгжлийн бэрхшээлтэй охиноо асрахаар гэртээ суухдаа орлогоо өсгөх, өөрийн хийж чадах ажлыг эхүүлэхээр шийдсэн нь ногоо тарих байжээ. Улмаар 2010 онд тал шуудай төмс, байцайны хэдэн ширхэг навч “булсан” нь намар нь есөн шуудай ургац өгөн, урам болсон байна. Дараа жилээс нь байцай, лууван, сонгино зэргийн үрийг 0.07 га газартаа бүхэлд нь суулгасан гэнэ. Налайх орчмын газар цэвдэгтэй, шаварлаг учраас таримал ургах нөхцөл бүрдүүлэх тун хэцүү аж. Мөн 10 жил ногоо тарьж буйгаас хөрс нь элэгдэн, байнга тордож, нөхөн сэргээх шаардлагатай болжээ. Тиймээс малын бууцаар бордон, элс асган, тогтмол сийрүүлж хэвшсэн. Түүнчлэн хортон шавжийн эсрэг химийн гаралтай бордоо хэрэглэлгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн бэлтгэж сурчээ.
Анх төмс, байцай тарьж эхэлсэн айл өдгөө зуны дөрвөн хүлэмжид нийт 20 гаруй төрлийн ногоо тарьдаг болж. Түүнчлэн сүүлийн дөрвөн жил тарвас тариалан ургац авсан аж. Манай улсад газар тариалан эрхлээд 60 жил л болсон, харьцангуй “залуу”, эрүүл хөрстэй нь газрын өгөөжийг хүртэх бүрэн боломжийг сайн бүрдүүлдгийг Б.Дэжид дурдсан юм. Өөрөөр хэлбэл, газартай, гартай бас зүтгэлтэй хүн “өлсөх”-гүйг тэрбээр онцолсон. Түүнтэй дараах яриаг өрнүүллээ.
-Хашаандаа ногоо тарин, нэмэлт орлого олж буй, хөдөлмөрч өрхийн аж ахуйтныг сураглахад танайхыг зааж өглөө. Бизнес амжилттай байна уу?
-Байнгын асаргааны хүүхэдтэй учраас ойр зууртаа өөр юу хийж болох вэ гэж бодсоны эцэст ногоо тарьсан. Өдгөө 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн тарин, 7-8 нэрийн нөөшилсөн ногоо хийж сурсан. Манайх бүх төрлийн ногоо худалдаж авахаа больсон. Өрхийн хэрэгцээгээ хангахын хажуугаар орлого олж байна.
-Худалдан авагч хэр байдаг бол. Ногооны “мухлаг”-аа хэзээ нээсэн бэ?
-“Монгол ногоо” төслийнхөн ийм “мухлаг” нээж өгөөд жил гаруй боллоо. Ногоо хэрчих, хатаах төхөөрөмж, хөлдөөгч ч бий. Тиймээс бүтээгдэхүүнээ нөөшилж, хатааж, хөлдөөж хадгалдаг. Энэ хавийнхан андахгүй, манайхаас ногоогоо авдаг айл олон.
-Хил хаасны улмаас нарийн ногоо ховордон, үнэ нь өссөн. Танайх борлуулалтын орлогоо нэмж чадав уу?
-Өвлийн хүлэмжгүй учраас шинэ бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй байна. Харин намрын ургацаас навчит ногоо, цэцэгт байцай, лууван зэргийг хөлдөөснөө зарж буй. Мөн хадгалах хугацаа уртасгагч бодис хийгээгүй, нөөшилсөн икра буюу хулууны нухаш, шарсан байцай, өргөст хэмс, алаг салатны амт, чанарыг мэддэг хүмүүс цөөнгүй болсон. Орон нутгаас ч захиалж авдаг.
-Нэг айлын хашаагаа гурав болгон, хүлэмжийнхээ тоог ч нэмэн, аж ахуйгаа нэлээн өргөжүүлжээ.
-Тийм ээ. 10 жилийн хугацаанд нөхөр бид хоёр дөрвөн хүлэмж, гурван айлын газартай болж, жилд нэг тонн орчим ургац хураах хэмжээнд хүрлээ. Хүүхдүүд маань бага болохоор туслах хүнгүй хоёулаа л ажилладаг. Хоёрдугаар сараас хүлэмжийнхээ үрсэлгээг эхлүүлж, аравдугаар сар дуустал л зүтгэдэг. 11-1 дүгээр сард ажил арай багасах ч хөлдөөж, нөөшилсөн ногоогоо борлуулах, талбайгаа чийгтэй байлгах зорилгоор цас, мөс овоолох зэргээр хийх юм мундахгүй.
-Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Тарьж огт үзээгүй хэрээний нүд болон мод, бутны үрсэлгээ, үржүүлэг эхлүүлж, энэ хавийн газраа ногоон төгөл болгох зорилготой. Хийе гэвэл ажил бишгүй их. Гэхдээ зургаан гудамжны цаанаас усаа зөөдгөөс цаг алдах, ажил удаашрах нь бий. Анх гар хийцийн тэргээр л өдөржин ус зөөдөг байлаа. Одоо бол “Портер” автомашин авсан болохоор хоёр тоннын багтаамжтай, хоёр саваар ус зөөн, амьдрал “дээшилсэн”. Гэхдээ л услах ногоо их, талбай том учраас өдөрт 4-6 тонн ус зарцуулах үе олон. Түүнчлэн өвлийн хүлэмжтэй болох төлөвлөгөөгөө биелүүлж, жилийн турш ургац авах зорилготой.
-Худаг гаргуулахаар хороо, дүүргээсээ дэмжлэг хүсэж үзэв үү. Ямар үнэтэй байдаг юм бол?
-Энэ хавь цэвдэг, шаварлаг хөрстэй учраас 70 метр гүн ухахаас нааш ус гарахгүй гэсэн. Хорооны даргадаа хандаж байсан ч ганц айлд худаг гаргаж өгөх мөнгө хаана байх билээ. “Монгол ногоо” төслийнхөн нэг гудамж, хэсэг өрхөд худаг гаргаж өгсөн жишээ олон ч манайх “ханьгүйдээд” байгаа юм. Нэг метр гүн худаг ухах зардал нэмэгдсээр 150 000 төгрөгт хүрсэн байна лээ. Ийм их мөнгө одоогоор алга гэв.
Л.Тодгэрэл, Б.Дэжид хоёр 2016 оноос хятад үрээр тарвас тарин, амтлаг, шүүслэг ургац авдаг болсноо онцгойлон хэлсэн. Тарвасны үр суулгасан болон ургалтын эхний үед ус их шаарддаг учраас худагтай бол хөдөлмөрөө хэчнээн хөнгөвчилж, ургацаа нэмэгдүүлж болохоо ам уралдан ярилаа. Мөн өөрсдөө худаг гаргах мөнгөө хуримтлуулж болох ч одоогийн орлого нь бага гэдгийг дурдсан юм. Гэрийн эзэн ерөнхий боловсролын нэгэн сургуульд ээлжийн жижүүр хийн, их биш ч тогтмол цалин авдаг юм байна. Харин эзэгтэйн албан ёсны орлого нь байнгын асаргаатай хүүхэд асарсны 86 000 төгрөгийн тэтгэмж байж. Харин охин 16 нас хүрснээр өсөн 123 000 болжээ. Нэмээд цар тахлын үеийн нэмэлт тэтгэмж буюу “Хүүхдийн 100 000” төгрөгийн орлоготой.
Л.Тодгэрэлийн таван ханатай гэрт айлд байвал зохих тавилга хэрэгсэл цөм бүрэн. Мөн гэрийнхээ шалан доор зоорьтой. Насанд хүрсэн 2-3 хүн элбэг багтах уг зооринд нөөшилсөн ногоогоо хадгалдаг юм байна. Түүнчлэн гэрийн баруун тал дахь жижгэвтэр номын тавиур дүүрэн ном, “Номын сайн нөхөр” цом тавьжээ. Б.Дэжид бага ангийн багш мэргэжилтэй учраас номд дуртай, завтай үедээ хүүхдүүддээ уншиж өгдөг гэсэн. Найм, гуравдугаар ангид сурдаг охин, хүү хоёроо цар тахал дэгдэхээс өмнөх хоёр жил Улаанбаатар дахь бүжиг, зургийн дугуйланд тасралтгүй явуулж, дэмжиж байсан ч коронавирусийн улмаас түр завсарлаад байгаа аж. Сургуульд сурдаг хоёр нь ногоочин, хүнсний технологич болно гэж ер ярихгүй, охин онгоцны үйлчлэгч, хүү компанийн захирал болохоор шийдээд байгааг ээж нь хэлсэн. Том охин нь дээр дурдсан асаргаа шаардлагатай хүүхэд бол хоёр бага нь 1-4 насных. Ийм л нэгэн хөдөлмөрч хос Налайхад суурьшин, үр хүүхдээ өсгөн, өдөр ирэх бүр амьдрал ахуйгаа дээшлүүлж байна. Үүнээс гадна Б.Дэжид “Дэлхийн зөн” байгууллага, “Монгол ногоо” төслийн сургалтад хамрагдан, багагүй зүйл мэдэн, амьдрал ахуйдаа хэрэгжүүлснээ талархан ярьсан. Л.Тодгэрэл ч “Монгол ногоо” төслийн орон тооны бус сургагч багшаар ажиллан, цөөнгүй аймгаар явж хичээл заасан нь олон хүнтэй танилцан, сурсан, мэдсэнээ бусадтай хуваалцах сайхан завшаан болжээ. Цаашид эднийх илүү олон төрлийн ногоо тарихын зэрэгцээ мод үржүүлж,худагтай, өвлийн хүлэмжтэй ч болж, Налайх дүүргийн III хороонд анхны ногоон төгөл байгуулна гэсэн. Санасан хэрэг нь сэтгэлчлэн бүтэх болтугай.