МАН-ын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцсэн байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах хөтөлбөртэй танилцаж, ярилцжээ. Засгийн газраас Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьсан бөгөөд тэд дэмжив.
Хуралдааны талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар онцгой анхаарч ажиллаж байгаа талаар танилцууллаа. Цаашид авто зам, зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх олон ажил байгаа юм байна. УИХ-д Нийслэлийн хөгжлийг дэмжих түр хороо бий. Иймд нийслэлээс хэрэгжүүлэх ажлуудыг шуурхай болгохын тулд түр хороо хамтарч ажиллах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдлээ. “Эрчис ойл” ТӨХК нь ОХУ-ын “Роснефть”- тэй хамтарсан компани байгуулж, шатахууны үнийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах юм. Онгоцны түлшийг манайх ч, ОХУ-ын талаас ч хувийн хэвшлийн байгууллагууд нийлүүлэхдээ дэлхийн зах зээлээс тонн тутамд 187-225 ам.доллароор өндөр үнэтэй байна гэж үзэж байгаа. Цаашид гэрээнд тусгах хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, зөвхөн олон улсын нислэг үйлддэг онгоцны түлшний үнийг бууруулах бус, орон нутгийн нислэг хийхэд ашигладаг шатахууны үнэд анхаарах, дэд бүтцийн түрээстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэргийг хоёр талаас хамтран ярилцах ёстой гэж бүлгийн гишүүд хэлж, чиглэл болголоо” гэв.
Мөн “Богд Зонхова” цогцолборын талаар бүлгийн хуралдаанаар яриагүйг дурдаад, “Уг төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Засгийн газар 2022 оны төсвийг өргөн барихдаа Соёлын сайдын багцад тусгасан байна лээ. Үүнтэй холбоотойгоор нийгмээс хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Түрүүнд Ерөнхийлөгч холбогдох хүмүүсийг дуудаж уулзан, чиглэл өгсөн. Үүний дагуу тус хөрөнгө оруулалтыг Засгийн газар “царцаах” нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм билээ. Харин энэ хөрөнгийг эрүүл мэндийн салбарынханд зориулах нь зөв. Засгийн газар ирэх оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлнэ гэсэн” хэмээн тайлбарлав.
АН: УБТЗ-ын өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа нь зохисгүй
Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн. 1990-ээд оны эхэн үед Япон Улсын Засгийн газар манай улсад 1-2.6 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, төмөр замыг сэргээн сайжруулах МОН-П1, МОН-П2 төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зээл олгосон. Үүнийг “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчлэхэд зориулжээ. Эдгээр нь 7.9 тэрбум иен буюу тухайн үеийн албан ханшаар 78.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц дүнтэй зээл байсан юм байна. Засгийн газар 2000 онд Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан, зээлийн хүүг 1.2-2.8 хувь, эргэн төлөгдөх хугацааг 25 жил болгосон аж. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2000-2014 онд 48 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц иенээр зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлж байсан бөгөөд үүнээс хойш валютын ханшийн өсөлт, дизель түлшний онцгой албан татварын төлөлт, ачаа тээвэр эрс багассанаас шалтгаалан зээл, түүний хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй болсон байна. УИХ 2019 онд 52 дугаар тогтоол батлан, тухайн үеийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр, алдангийн нийлбэр дүнгээс нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлөгдсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцсон ч одоогоор 131 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан 1949 оны олон улсын хэлэлцээрээр дизель түлшний онцгой албан татвар төлөх үндэслэлгүй байсан ч авсан зээлийн дүнгээс тооцон, төлбөрийг барагдуулжээ. Өдгөө Засгийн газраас өргөн мэдүүлээд буй дээрх төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зээлийн үлдэгдэл болох 2.5 тэрбум иенийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний ханшаар тооцон, төгрөгт шилжүүлэх, мөн өдрөөс эхлэн зээлийн хүү, алдангийг зогсоох, үлдэгдлээс нь нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83.7, Оросын талынхыг мөн 83.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийхээр тусгасан байна. Улмаар үлдэгдэл 47.3 тэрбум төгрөгийг тус нийгэмлэгээс улсын төсөвт 2021-2025 онд төвлөрүүлэхээр боловсруулжээ. ОХУ-ын Тээврийн яамнаас ирүүлсэн албан ёсны саналыг хүндэтгэн үзэж, тус улсын Засгийн газрын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сард манай улсад ажлын айлчлал хийх үеэр энэ асуудлыг ярилцсан аж. Ингээд хоёр улсын цаашдын харилцаа, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болон Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд МОН-П1, МОН-П2 төслийн зээлийн үлдэгдлийг бүрэн шийдвэрлэхээр тохиролцжээ.
Үүнийг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан МОН-П1, МОН-П2 зээлийг төлж байгаа. Япон Улсын Засгийн газраас авсан энэ зээлийг татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж байгаа нь тийм ч зохистой биш. Угтаа “Улаанбаатар төмөр зам” ХНН үүнийг төлөх ёстой. Монголын ард түмний нэрээр авсан зээлийг үр ашиггүй зарцуулж, хамтарсан компани ашиглаад байх нь хэрхэвч оновчтой шийдэл биш. “Улаанбаатар төмөр зам” ХНН өнөөдрийг хүртэл даргаа тодруулж чадахгүй байна. Энэ мэт олон асуудал тус нийгэмлэгт бий” гэв.
Мөн ирэх оны улсын төсөв хариуцлагагүй болсон гэдэгт санал нэгдэж буйгаа цөөнхийн бүлгийнхэн дахин илэрхийллээ. Бүлгийн дарга Д.Ганбат “2022 оны төсөвт улс орлого олох, эдийн засгаа тэлэх талаар ямар ч бодлого байхгүй. Тиймээс ч бид төслөө буцааж татахыг шаардаж байсан. МАН үнэмлэхүй олонх болсноос хойш хөшөө, дурсгал олноор барьж, үр дүнгүй зүйлд мөнгө зарцуулах нь ихэссэн. Тухайлбал, хөрөнгө оруулалтын 1334 арга хэмжээний 80-90 хувь нь төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж, 290 төсөл, хөтөлбөрийг царцааснаар 570 тэрбум төгрөг хэмнэх боломжтойг бид хэлсэн ч тэд хүч түрэн баталсан. Нөгөө талаас нэгэнт баталсан бол улсын төсөв бол хууль. Гэтэл Эрүүл мэндийн болон Соёлын сайд нь хэрэгжүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлсэн байна лээ. “Богд Зонхова” төвийг барихыг АН дэмжээгүй. Олон нийт шүүмжлээд эхлэхээр МАН “матрын нулимс унагаж байна” гэсэн юм.
Ташрамд дурдахад, Соёлын сайд Ч.Номин өчигдөр фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Соёлын яам “Богд Зонхова” цогцолборыг барих, эхлүүлэх санаачилга гаргаагүй. Өнгөрсөн хугацаанд энэ төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй. Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд Зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй” хэмээн мэдэгдсэн бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Аливаа зүйлд үнэ цэнээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид “Богд Зонхова”-д зориулах мөнгийг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагаар ажилласан цалин, тэтгэмжид зарцуулъя. Зарцуулъя гэвэл засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авхуулаад олон эмнэлэг байна” гэж цахимаар байр сууриа илэрхийлсэн билээ.
Бэлтгэсэн Б.Уран