Шатахууны үнийн зөвлөл өчигдөр хуралдаж, АИ-92 төрлийн бензиний үнийг чөлөөлөх шийдвэр гаргасныг уг зөвлөлийг даргалдаг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал дуулгалаа. Дотоодод дээрх төрлийнхөөс бусад шатахууныг зах зээлийн үнээр нь борлуулж буй. Тэгвэл Улаанбаатарт АИ-92-ыг литрийг нь 2050 төгрөгөөр борлуулж байгаа билээ. Дэд сайдын тайлбарласнаар тус бензиний зах зээлийн үнэ 2400-д хүрчээ. Тиймээс үнэ чөлөөлөх шийдвэр гаргасан байна.
Импортлогчид шатахууны үнийг нэмэхдээ хилийн үнийн өмнөх зургаан сарын дундаж ханшаар тооцох, нэг удаад дээд тал нь 100 төгрөгөөс их дүнгээр нэмэхгүй байх механизм бүрдүүлэхээр тогтсон байна. Тэгэхээр шатахууны үнийг өмнөх зургаан сарын хилийн үнийн дундажтай уялдуулан өсгөж, бууруулах нь. Түүнчлэн их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага тулгарвал өндөр дүнгээр биш, дээд тал нь 100 төгрөгөөр үе шаттай өсгөх аж. Өөрөөр хэлбэл, шатахууны үнийг төрийн шийдвэрээс үл хамаарч, тусгай аргачлалын дагуу огцом бишээр өсгөж, бууруулах механизмд шилжүүлж байна гэсэн үг.
Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу шатахууны 45 хоногийн нөөц бүрдүүлэх шаардлагатай. Уг ажлыг импортлогчид бүрэн хариуцахаар болжээ. Шатахууны үнийн зөвлөлөөс нөөц бүрдүүлэхийн тулд Монголбанкнаас хямд санхүүжилт олгох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг шийдвэртээ тусгасан аж.
Бэлтгэсэн Т.Бат