Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшилтэй хамтран хүнсний талоны үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж буй.
Өнөөдрийн байдлаар “Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хамтран ажиллаж байгаа төрийн болон хувийн байгууллагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч талархал илэрхийллээ. А.Ариунзаяа сайд уулзалтын үеэр “Улсын төсвөөс мөнгө гаргахгүй хувийн хэвшилтэй хамтарч нийгмийн том асуудлыг шийдвэрлэж чадсан сайн жишээ боллоо. Цаашид ч хамтран дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сайн сайхан нийгмийг бий болгохын тулд төр дангаараа ажиллах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшил, иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа хэр чухал болохыг харуулсан Та бүхэнд талархал илэрхийлье” гэв.
Энэхүү ажлын хүрээнд иргэдийг картжуулах, пин коджуулах, пос машины хөгжүүлэлт, хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах, сервисийн хөгжүүлэлт зэрэг олон ажлыг шат дараатайгаар төр, хувийн байгууллага хамтран зохион байгуулсан. Ингэснээр сард 405.0 сая төгрөг, жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдсэн гэнэ. Тодруулбал, нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгосон. Сонгон шалгаруулалтад шалгарсан зөвхөн гэрээ бүхий заасан дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг болиулсан байна. Энэ нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүнийг бар коджуулах ажлын эхлэл болж буй. Мөн дата анализ хийх боломж бүрдсэн.
Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний шинэчлэлд Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ, Монголын банкны холбоо, Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, бусад арилжааны банк, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Жи Эс-1 Монгол ТББ, Систем хөгжүүлэгч 22 байгууллага, Номин” тав трейд ХХК, “Оргил” худалдааны төв, “И Март” Скай хайпермаркет зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм.Цаашид НӨАТ-ын баримт олгодог 235 мянга гаруй хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг нээхээр ажиллаж байна.