Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх бол хүний үндсэн эрхүүдийн дотроос амьд явах эрхийн дараа бичигдэх нэн чухал эрх. Тодорхой хэлбэл, хүний ууж идэх, өмсөх, амьсгалахтай адил төрөлх хэрэгцээ, жам ёсны эрх юм. Өмчлөх эрх бол хүн төрөхөд л хамт бий болдог эрх бөгөөд ердийн хуулиар хамгаалсан, хамгаалаагүйгээс үл хамааран шууд хэрэгжих үндсэн эрх юм. Хувь хүн хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн, зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүй эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлсийг шударгаар олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах (худалдах, бэлэглэх, шилжүүлэх, өв залгамжлуулах)- ыг өмчлөх эрх гэнэ. Тэгвэл монгол хүн өмчтэй байх эрхийг дараах хууль тогтоомжоор зохицуулдаг аж.
Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Хүн бүр өмчлөх адилхан эрхтэй боловч өмчтэй болох нөхцөл, өмчийг бий болгох чадвар нь адил тэгш заяадаггүй болохоор янз бүрийн хэмжээний өмч хөрөнгөтэй байдаг. Эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах захиран зарцуулах ерөнхий журмыг иргэний болон салбарын хууль тогтоомжоор зохицуулдаг.
Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн ялгааг гаргахдаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч, үүнээс бусад эд хөрөнгийг хөдлөх эд хөрөнгөд хамаарахаар оруулсан нь иргэний эрх зүй, тэр дундаа эд юмсын эрх зүйн орчин үеийн онолын чиг хандлага дээр суурилсан шинжтэй болжээ. Дээрх эд хөрөнгийг шударгаар олж авах тухай ойлголт нь өмчлөх эрхийн хөдөлмөрийн онолоос эхлэлтэй бөгөөд хүний өмч олж авсан үйл явц аливаа нөхцөлд зүй ёсны байх ёстой гэсэн үндсэн зарчимд тулгуурладаг. Тодруулбал, зүй ёсны, шударга арга замаар эд хөрөнгийг олж авсан, эзэмшсэн тохиолдолд тэр нь тухайн этгээдийн өмчлөлд орж болох тул Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөх эрхийн заалтыг баталгаажуулахдаа өмчлөх эрхийн өмнө"...шударгаар олж авах, эзэмших..." гэж оруулсан нь түүний урьдач нөхцөлийг тодорхойлсон шинжтэй болсноороо давуутай юм. Үндсэн хуулийн энэ заалтад "...өмчлөх..." эрхтэй гэсэн нь өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг бүхэлд нь агуулсан ойлголт боловч эд хөрөнгөө захиран зарцуулснаар түүний хувьд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болж, харин шинэ өмчлөгчид уг эд хөрөнгийг өмчлөх эрх үүсэх үр дагавар бий болдог.
Ташрамд дурдахад, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хариуцагч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар тусгайлан зохицуулдаг. Хөдлөх, үл хөдлөх шударгаар олж авч, түүнийгээ өмчлөх эрхийг хүний эрх, эрх чөлөөний салшгүй хэсэг гэдэг утгаар нь хөгжүүлж, тайлбарласан хүн бол Жон Локк юм. Түүнээс өмнө эрх зүйн онолчид өмчлөх эрхийг тайлбарлах оролдлого хийж тодорхой үр дүнд хүрч байсан хэдий ч хязгаарлаж болох зарим эрхүүдээс өмчлөх эрхийг салгаж, үл хязгаарлагдах эрхтэй нэгтгэх алхмыг анхлан санаачилж, төрийн зүгээс өмчлөх эрхийг хүндэтгэх эхлэлийг тавьсан хүн бол Жон Локк билээ. Хүний бие махбодоороо бүтээсэн хөдөлмөр, гараараа хийж буй ажил зэргийг түүний өмч гэж ойлгоно хэмээн тэрээр хэлжээ. Өөрөөр хэлбэл ямарваа объектод хөдөлмөрөө шингээж, түүндээ өөрийн ажил хөдөлмөрийн үр дүнг нэгтгэсэн тохиолдолд тухайн хөрөнгө тэр хүний өмч болно гэсэн санааг Жон Локк хөдөлмөрийн онолын үүднээс дэвшүүлсэн юм. Жон Локк хөдөлмөрийн үндсэн дээр өмчлөх эрх бий болно гэдгийг хүн бие махбод, оюун санаагаа төрсөн цагаасаа эхлэн өөрөө өмчлөх явдалтай салшгүй холбоотой зүйл гэж үзсэн нь эрх зүйн хөгжпийн өнөөгийн түвшинд өмчлөх эрхийг хүний амьд явах эрхийн дараа орох үндсэн эрх болтлоо үнэлэгдэхэд хүргэжээ.