“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд үндэсний кино бүтээл нийлүүлэлтийг телевиз, радио, цахим орчинд нэмэгдүүлэх судалгааны хэлэлцүүлгийг өнөөдөр Сити их сургуулийн кино урлагийн танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн танилцуулгыг хийж, Судалгааны тойм танилцуулгыг “Максима” ХХК-ны захирал Я.Хишигсүрэн, "Монгол киноны театрын зах зээл" сэдвээр Тэнгис кино театрын маркетингийн албаны дарга Б.Зоригт, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, тогтоомжийн тухай танилцуулга” сэдвээр Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Ч.Оюунгэрэл нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэн, санал солилцлоо.
Үндэсний кино, бүтээл нийлүүлэлтийг хууль, эрх зүйн талаас дэмжих, зохицуулах зорилгоор Соёлын тухай хуулинд телевизээр гарч буй кино, контент, нэвтрүүлгүүдийн нийт агуулгад үндэсний нэвтрүүлгийн босго тогтоож өгсөн. Энэхүү судалгааны гол зорилго нь Соёлын тухай хуулийн 19.5,19.6,19,7 заалтын хэрэгжилтийг үнэлж, харьцуулсан дүн шинжилгээ хийхэд чиглэж байна.
Медиа мониторингийн мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийн, суваг тус бүрээр хуулийн заалтын хэрэгжилтийг үнэлж боловсруулсан мэдээлэлд үндэслэн, сувгуудийн үр дүнг харьцуулан, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.