Афганистаны эдийн засгийн сул дорой байдал нь терроризм, зэвсгийн болон мансууруулах бодисын наймаа улам газар авах аюултай байдал бий болгож байна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцогчид дүгнэжээ. Хямралыг даван туулахын тулд Өрнөдийн орнуудын банканд буй Афганистаны хөрөнгө, мөнгийг битүүмжлэлээс аль болох хурдан гаргах хэрэгтэй гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя үзэж байна. “Цагаачдын цуваагаар халхавчлан терроризм болон мансууруулах бодисын наймаа хөрш орнуудад дэлгэрэх бодитой аюул өдгөө бий боллоо. Эдгээр сорилтыг арилгах амлалтаа талибууд үргэлжлүүлэн биелүүлнэ хэмээн найдаж байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд битүүмжилсэн хөрөнгө, мөнгийг нь өгөхгүйгээр Афганистаны нийгэм, эдийн засгийн асуудал шийдэгдэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
НҮБ-ын ивээл доор Афганистанд хан дивлагчдын олон улсын хурал яаралтай зохион байгуулахыг Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Оросын тал уриалсан байна. “Афганистаны мөргөлдөөний дараах эдийн засаг, санхүүгийн сэргээн босголт, хөгжлийн гол ачааг сүүлийн 20 жилийн турш тус улсад цэргийн оролцоотой байсан хүчнүүд үүрэх ёстой” гэж НҮБ-д суугаа ОХУ-ын тусгай төлөөлөгч хэлэв.
Өнгөрсөн сард Москвад талибуудын оролцоотой хэлэлцээ болсон. Төрийн эрхэнд гарсныхаа дараа тэд Афганистанд түр Засгийн газар байгуулсан бөгөөд үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж буй. Оросын талын дүгнэснээр Афганистанд хүмүүнлэгийн хямрал нүүрлэхээр байна. Тус улсад ган гачиг болж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөний улмаас 18 сая гаруй хүн өлсөж байгаа юм.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хурал лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр Афганистаны байдлыг хэлэлцжээ. Үүнд оролцогчид олон мянган гишүүнтэй босогчдын арми халдах аюултай байгааг тэмдэглэсэн байна.
Хүн амаа дэмжих арга хэмжээнүүдээ санхүүжүүлэх талаар Афганистантай хамтын ажиллагаагаа сэргээхийг БНХАУ Олон улсын валютын сан, Дэлхийн банканд уриалжээ. Үүнийг НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Жан Зюнь тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв. “Афганистанд дотоод зах зээлээ сэргээх, бүс нутгийн болон бусад улстай хийдэг эдийн засгийн хамтын ажиллагаанд эргэн орох, тогтвортой хөгжих арга замаа олоход туслах шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Өвөл болж байгаа энэ үед тус улсад өлсгөлөнгийн аюул нүүрлэх өндөр эрсдэлтэй тул хүмүүнлэгийн сүйрлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатайг Хятадын дипломатч онцлон тэмдэглэжээ.
“Талибууд хүртээмжтэй Засгийн газар байгуулах чиглэлээр тодорхой алхмууд хийж буй ч тэдгээр нь хангалтгүй байна. Тиймээс энэ талаар шахалт үзүүлэх хэрэгтэй” гэж Афганистанд тусламж, дэмжлэг үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн Дебора Лайонс мэдэгдэв. Тухайлбал, Сайд нарын танхимд угсаатны төлөөлөгчдийг багтаах хэрэгтэйг тэрбээр тэмдэглэжээ. Тэрчлэн Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэд чөлөөтэй зорчих, шаардлагатай гэж үзвэл саадгүйгээр хилийн чанадыг зорих боломжийг хангуулах талаарх шахалтаа сулруулахгүй байх нь зүйтэй гэж Д.Лайонс хэлсэн байна.